Өнгөрөгч баасан гаригт УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Үдээс хойшхи хуралдаанд УИХ-ын 50 гаруй гишүүн үг хэлэх цаг авч, орой 20.00 цаг хүртэл чуулган сунжирсан билээ. Тэдний зарим нь энэ боломжийг ашиглан цээжний үгээ “ангийнхандаа” хэлээд амжсан гэж болно. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “УИХ-д шинээр сонгогдсон 41 гишүүн хэн нэгний үгээр явахгүй шүү, нохойд барьдаг мод биш шүү. Өөрийн гэсэн толгойтой” гэдгийг УИХ-ын ахмад гишүүдэд сануулаад авлаа. Мөн өөрийнх нь эсрэг хэвлэл мэдээлэл болон соошлаар явуулж буй дайралтууд ардаа эзэнтэй, эзнийг нь мэдэж байгаа шүү гэдэг утгыг давхар дайгаад амжсан юм.
М.Оюунчимэг:
Өнөөдөр энэ танхимд бид хэрүүл хиймээргүй байна. Монгол улс тэр аяараа энэ хуралдааныг харж байна, ЕБС-ийн хүүхэд хүртэл харж байна. УИХ, УИХ-ын гишүүн гэдэг хамгийн муухай хүн болж харагдаж байна. Бидний зорилго энэ биш шүү дээ, уг нь. Түрүүн бас зарим нэг гишүүн хэлж байна. МАН ингэж доройтож байхыг хараагүй гэж. МАН доройтсон юм биш л дээ. МАН бол харин ч алдаа оноогоо ил ярьж чаддаг, ардчилалтай нам гэдгээ харуулж байна. Алдаа оноогоо ингэж яриад, хариуцлагаа ч тооцоод, төрийн үйл ажиллагааг цэвэрлээд цаашаагаа явах ёстой. Бидэнд хийх ажил маш их байна.
Бид “21:100” гэдэг амлалт авч УИХ-д гарч ирсэн. 21 аймагт 100 үйлдвэр байгуулах ёстой. Ажлын байрыг бий болгомоор байна. Хамгийн сүүлд 2016 онд хийсэн судалгаагаар иргэдийн чинь 30 хувь нь ядуу гээд гарчихсан байна. Харамсалтай нь түүнээс хойш судалгаа хийгдээгүй байна. Нэг хэсэг маань хэт чинээлэг амьдраад ядуу хэсгийнхээ зовлонг ойлгохгүй байна. Гэр хорооллын алслагдсан дүүргүүдэд хүмүүс яаж амьдарч байгааг мэдэхгүй байна. Өнөөдөр энд яригдаж байгаа том том тоонууд, АСЕМ-ийн мөнгө, үнэ тогтворжуулах хөтөлбөр, Хөгжлийн банк, Засгийн газрын тусгай сангуудын мөнгийг бид зориулалтын дагуу зарцуулж чадсан бол гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажил аль хэдийн хийгдээд дуусчихсан байх ёстой. Чингэлтэй дүүрэг гэхэд Улаанбаатар хотын төв цэгээс хоёрхон км зайтай. Тэнд өнөөдөр айл өрхүүд дулаанаа авчихсан, байшингаа барьчихсан, хашаандаа цэцэрлэгтэй сууж байх ёстой.
Энд яригдаад байгаа мөнгө эзэндээ очиж чадсан бол Улаанбаатар хот өнөөдрийнхөөсөө хавьгүй сайхан хот байх ёстой. Утаа 60-70 хувиар буурчихсан байх байсан. Иргэдийн маань дийлэнх нь энэ танхимд болж байгаа хэрүүлийг огт сонирхохгүй байх байсан. Гэтэл өнөөдөр сургуулийн хүүхэд хүртэл сонирхож үзэж байна шүү дээ. Дөрөв, тавдугаар ангийн хүүхдүүд хүртэл УИХ, АН, МАН гэж ярьж байна. Ийм байж болохгүй ээ. Иргэд энд болж байгаа хэрүүл, хов живээр хооллох биш, өөр өөрсдөө өмнөх ажлаа хийгээд тайван амьдрах боломжийг нь бид олгох ёстой. Тийм боломж байхгүйгээс болоод энэ танхимд болж байгаа хэрүүл айл өрх бүрийн үүдээр орж байна.
Би Ш.Раднаасэд гишүүний үгийг дэмжиж байна. УИХ-д шинээр орж ирсэн 41 гишүүн бүгдээрээ хэн нэгний үгээр биш, хэн нэгний нохойд барьдаг мод биш, өөр өөрийн толгойгоор ажиллацгаая. 2019 оны төсөвт суусан мөнгүүдээ яг тэр гэр хороолол руу нь, зам гүүр, орон сууц руугаа оруулья л даа. Монголбанктайгаа ярьж байгаад зээлийн хүүг бууруулья, хэрэглээний зээлийг багасгая гэсэн. Үүнийгээ л хийе л дээ, нэг зүйлийг ч гэсэн шийдье. Тэрийгээ ярихгүй хэн нь илүү их идэж ууснаа л ярих юм. Тэр олон жил суусан гээд бахархаад байгаа гишүүд тэгвэл энэ олон асуудлаасаа нэгийг нь ч гэсэн шийдчихгүй яасан юм. Харин би өмнөөс нь ичиж байна.
Хэрвээ би 2-3 удаа дараалж сонгогдсон бол ядаж нэгийг нь шийдчих бололцоо байсан гэдгийг хараад хэлж байна. Ингэж хэлсэн хүмүүсээ шахах гээд байгаа нь анзаарагдаад байгаа шүү. Би зарим нэг хүмүүст жичид нь хэлнэ. Үг хэлсэн нэгийгээ шахаж гадуурхах гээд байгаа нь харагдаад байгаа шүү. Хэвлэлээр айлгаад, нэр ус дурдаад ам барих гээд байгаа шүү. Өөрсдөө болохоор зөрчлийн хууль яриад хэвлэл мэдээллийн амыг барих гээд явдаг. Энэ арга барил чинь хэзээ нэг цагт хана мөргөнө шүү. Ард түмэн ухаантай. Сонгосон хүмүүсээ хэн нь хэн бэ гэдгийг аль хэдийн мэдчихэн, таньчихсан л байгаа. Тийм учраас бие биенээ муулж, хэвлэлээр бие биенийхээ эсрэг дайралт хийхээ болиод өмнөх ажлаал хийцгээе. УИХ нь ч, Засгийн газар нь ч тэр.
Б.ГАЛ
Сэтгэгдэл (4)