Уг нь бол МАН-ын доторх нь нэг бүлэглэл нөгөөгөө дийлсэнд бидний ялах ялагдахын тухай асуудал байхгүй л дээ. Гэтэл нэг хэсэг нь Хүрэлсүхийн хөргийг оройдоо залчихаад “Монгол яллаа”, “Ард түмэн яллаа” гээд хашгираад байхаар хэн нэг нь ядаж “наадах чинь ялалт биш шүү” гэж хэлж өгөх хэрэгтэй биз дээ.
Учир юу гэвэл МАН-ын 65 гишүүний 33 нь У.Хүрэлсүхийн эсрэг санал өгсөн. АН-ын гурван гишүүн нэмэгдээгүй бол У.Хүрэлсүхийн Засгийн газар яваад өгөх байлаа. Хамгийн муу нь гэвэл үлдсэн хоёр жилд У.Хүрэлсүхийг юу ч хийсэн улдан эсэргүүцэх 33 хүнийг босгоод ирлээ. Намын дарга хүний хувьд энэ бол байж боломгүй алдаа. Цаашдаа сөрөг хүчний нам Засгийн газрын бодлогыг дэмжиж, түлхэж явна гэдэг юу л бол. Тийм учраас “ялагдахын дайтай яллаа” гэсэн хэрэг.
Эсрэгээрээ ялахын дайтай ялагдах боломж У.Хүрэлсүхэд байлаа. Засгийн газартаа үүрлэсэн идээчин уугаачин “ЖДҮ-чин” сайд нараа хөөж явуулаад, УИХ доторхитой нь ч "манай, танай" гэхгүй хариуцлага тооцоод, тэрнийхээ төлөө “баатарлагаар” хөөгдсөн бол жинхэнээсээ ялахын дайтай ялагдал байх байлаа. Жинхэнэ амь хайргүй тэмцэл болох байв. Тэрний дараа “ард түмэн” У.Хүрэлсүхийн талд баталгаатай зогсох байлаа л даа. Даанч тэгсэнгүй. М.Энхболд руу ч нэг бичиг чулуудаад, С.Батболдыг ч хөөгөөд, эцэст нь Засгийн газраа бүрэн бүтэн авч үлдэх гээд юун тэр “ЖДҮ” манатай болов.
Гэвч яая гэхэв, амьд явбал ирэх жилийн наадам үзнэ гэдэг болохоор “ЖДҮ”-тэй хийх, 60 тэрбумынхантай хийх дараа дараачийн тэмцлийг нь хүлээж л байя. Тэр зэргийн потенциал эрх биш МАН-ын дарга хүнд үлдсэн гэж найдъя.
Б.ЗАЯА
Сэтгэгдэл (4)