Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж өнгөрлөө. Хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлуудыг хүргэж байна.
168 өрхөд улсын нөөцөөс гэр олгоно:
Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймагт хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 168 өрхөд улсын нөөцөөс гэр олгохоор боллоо. Дээрх иргэд одоогоор түр байр, сургуулийн дотуур байр, хамаатан, ах дүүгийндээ амьдарч байна.
Мөн “Баруун бүсийн эрчим хүчний систем” компанийн 110 кВ, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гарсан гэмтлийг засах, аваарын нөөц бүрдүүлэх зэрэгт шаардагдах нийт нэг тэрбум 427 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.
Засгийн газрын товч мэдээ:
- Монгол Улсын Засгийн газар, АНУ хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Компакт гэрээний дагуу манай улс Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй тусламж авах болсон юм.
- “Галын аюултай бүтээгдэхүүн, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийг улсын хилээр нэвтрүүлэх болон үйлдвэрлэх, борлуулах, тээвэрлэх, хадгалах, устгах журам”-ыг баталлаа.
- Дэлхийн шуудан холбооны дүрмийн Есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.