Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өчигдөр орой албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайдад өгчээ. Ингэхдээ өчигдөр өөрийн биеэр НИТХ-д өргөн барьсан 2019 оны нийслэлийн төсвийг хэлэлцэн баталсны дараа буюу арванхоёрдугаар сарын 10-ны өдөр ажлаа өгнө гэсэн байна.
Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг огцруулах саналаа НИТХ-д оруулснаас хойш 14 хоногийн дараа буюу уг асуудлыг НИТХ-аар хэлэцэн шийдвэрлэх хуулийн хугацаа дууссан өдөр хотын дарга өргөдлөө өглөө. Өчигдөр орой НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой байсан ч АН-ын бүлэг Ерөнхий сайдыг өөрөө ирж асуудлаа танилцуулахыг шаардаж хоёр дахь удаагаа завсарлага авсан билээ. Харин үүний дараа Нийслэлийн Засаг дарга чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ.
Мэдээж тэнд Ерөнхий сайд нь УИХ дээр унаж явахад энд хотын дарга нь өргөдлөө өгнө гэдэг хачирхалтай зүйл болов. Нэгдүгээрт, өөрт нь итгэл үзүүлэхгүй гэсэн Ерөнхий сайдтай хамтарч ажиллахыг хүсээгүй байх. Хоёрдугаарт өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газрыг огцруулахаар шийдвэрлэсэн нь ч нөлөөлсөн байх. Хэрвээ Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдвэрийг УИХ батлавал шинээр томилогдсон Ерөнхий сайд хэн байхаас С.Батболдын чөлөөлөгдөх хүсэлтийг хэрхэх эсэх нь шалтгаална. Тэр цагт хэдий намын дарга ч гэлээ У.Хүрэлсүхээс шалтгаалах зүйл үгүй болно гэсэн үг. Тиймээс нийслэлийн төсвийг НИТХ-аар баталсны дараа ажлаа өгнө гэсний хоёр дахь шалтгаан энэ байж болох юм.
Нөгөө талаас нэгэнт намын дарга нь, Ерөнхий сайд нь “энэ хүнд итгэл үзүүлэхгүй” гэчихсэн байхад намынхаа хэрүүлийг нийслэл дээр авчирч хэрэлдэх шаардлагагүй гэж үзсэн байх. АН-ын бүлгийн хувьд С.Батыболдыг огцруулахгүй гэсэндээ ч биш, харин МАН доторх энэ зодооныг нь ил гаргаж, илүү их шившиглэхийн тулд Ерөнхий сайдыг дахин дахин НИТХ рүү дуудсан байж таарна.
Б.ЗАЯА