“Германы төлөөх Альтернатив” («ГтА») намын дэмжлэг өнгөрсөн долоо хоногт хоёр хувиар нэмэгдэж, түүхэн дээд амжилт болох 22%-д хүрлээ гэж Bild сонин Insa хүрээлэнгийн санал асуулгын дүнгээс иш татан мэдээлжээ. Энэ үзүүлэлт нь «ГтА» намын хувьд Оросын талд сайн харилцаатай байхын төлөөх улс төрийн хүчний хувьд онцгой амжилт юм.
Санал асуулгаар тэргүүлж буй Христийн-ардчилсан холбоо ба Христийн нийгмийн холбооны эвсэл (ХАХ/ХНХ) долоо хоногт нэг хувиар буурч, 30%-д хүрсэн байна. Ийнхүү хоёр хүчний хоорондын зөрүү 8% болтлоо ойртжээ.
Энэхүү санал асуулгад нөлөөлсөн гол хүчин зүйл бол «ГтА» намын удирдагчийн нэг Алис Вайделийн Илон Масктай хийсэн ярилцлага байв. Тус ярилцлага X сүлжээгээр шууд дамжуулж, 200 мянга орчим германчууд шууд үзсэн байна.
Маск яриандаа Украины сөргөлдөөнийг хурдан шийдвэрлэхэд Трампын засаг захиргаа чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд Вайдель үүнийг бататган, “Европчууд энэ дайныг зогсоож чадахгүй байгаа тул Трамп болон түүний баг үүнийг шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна” гэж онцолжээ.
Мөн Вайдель дотоодын асуудлыг ч хөндөж, экс канцлер Ангела Меркелийг Германыг эвдсэн гол буруутан хэмээн нэрлэсэн байна. Тэрээр Меркелийн хууль бус цагаачдад хил нээж өгсөн шийдвэр, цөмийн эрчим хүчийг салхи, нарны эрчим хүчээр орлуулах бодлогыг хурцаар шүүмжилжээ.
Энэхүү ярилцлага нь Германы хэвлэл мэдээлэлд өргөн шүүмжлэл дагуулсан ч «ГтА» намын хувьд улс төрийн байр сууриа бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн гэж шинжээчид дүгнэж байна.
Эх сурвалж: EADaily.