Саудын Арабын “Аль-Насра” клубтэй шинээр байгуулсан гэрээний дагуу Португалын хөлбөмбөгчин Криштиану Роналду тус багийн хувьцааны 5 хувийг эзэмшихээр болсон тухай Испанийн өдөр тутмын Marca сонинд мэдээлжээ.
Үүний өмнөхөн Роналду “Аль-Насра”-тай шинэ гэрээ байгуулахдаа улиралд 200 сая еврогийн цалин авахаар тохиролцсон тухай хэвлэлүүд мэдээлж байсан юм. Шинэ гэрээ 2026 оны 6 дугаар сар хүртэл үйлчлэх бол хуучин гэрээний хугацаа нь энэ улирлын төгсгөлөөр дуусна.
Форбес сэтгүүлд бичсэнээр, Роналду хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчдийн жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байгаа бөгөөд энэ улиралд хөлбөмбөгчний хувиар 220 сая доллар, зар сурталчилгаа болон бусад үйл ажиллагаанаас 65 сая доллар олох төлөвтэй байна.
Хоёрдугаар сарын 5-нд 40 нас хүрэх тэрбээр “Аль-Насра” багт 2023 оны нэгдүгээр сараас хойш тоглож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 90 тоглолтонд оролцохдоо 81 гоол оруулсан байна. Үүнээс энэ улиралд 20 тоглолтонд оролцож, 17 бөмбөг оруулжээ. Одоогийн байдлаар “Аль-Наср” баг 28 оноотойгоор Саудын Арабын аварга шалгаруулах тэмцээний хүснэгтийн гуравдугаарт бичигдэж байна.
Криштиану Роналду Португалын шигшээгийн бүрэлдэхүүнд Европын аварга болсон ба “Алтан бөмбөг” шагналыг 5 удаа хүртэж, албан ёсны тоглолтуудад оруулсан гоолын тоогоор дэлхийн хөл бөмбөгийн түүхэн дэх шилдэг довтлогчоор шалгарсан билээ.