Чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн тавьсан төсвийн хоригийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 82,6 хувийн саналаар "хүлээж авах боломжгүй" гэж үзлээ.
Хэлэлцүүлгийн эхэнд гишүүд өчигдөр үүссэн шинэ нөхцөл байдлын талаар тодруулж асуув. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч төсөвт бүхэлд нь хориг тавьсан, харин өчигдөр чуулганы хуралдаан дээр ЕТГ-ын дарга З.Энхболд "хоригт тодотгол хийсэн" гэж танилцуулсан юм. Иймд өнөөдөр Төсвийн байнгын хороо дахин хуралдаад хоригийг хүлээж авахгүй, гэхдээ Засгийн газраас төсвийн тодотгол оруулж ирвэл Ерөнхийлөгчийн саналыг тусгая гэж шийджээ. Мөн гишүүдийн ирц муу байгааг танхимд сууж буй гишүүд онцлоод Засгийн газрын сайд нар ч орж ирэхгүй байгааг шүүмжилсэн байна.
Төсвийн хоригийг хэлэлцэн шийдвэрлэсний дараа АН-ын бүлгээс Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох ёстой байсан ч хойшлуулав. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат Ерөнхий сайдаас валютын ханш, шатахууны үнийн өсөлт, Засгийн газрын өртэй холбоотой асуудлаар өнгөрсөн сарын эхээр асуулга тавьсан. Асуулгын хариуг өнгөрөгч баасан гаригт өгөх ёстой байсан ч энэ удаа дахин хойшиллоо. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ үеэр "УИХ-ын дарга валютын ханшийн талаар асуулгыг дахиад хойшлууллаа. Ийм хариуцлагагүй байж болохгүй. Би асуулгад Ардчилсан намын бүлгийн гишүүдтэйгээ оролцохгүй. Угаасаа бүтэхгүй юм байна. Нэг тийшээ болъё. У.Хүрэлсүх гоё юм яриад огцрохгүй байгаа бол М.Энхболд дарга хамт өргөдлөө өг. Хоёулаа өргөдлөө өгсөн нь дээр” гэв.