Өнөөдөр НИТХ хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг албан тушаалаас нь огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх ёстой. Гэвч өнөөдөр өглөө 09.30 цагаас товлогдсон НИТХ одоо болтол эхлээгүй байна. Асуудлыг тодруулбал, НИТХ дахь МАН-ын бүлэг байр сууриа нэгтгээгүй байгаа гэнэ. Одоогоор намын бүлгийн хурал үргэлжилж байна.
МАН НИТХ-д 34 суудалтай. “Нийслэлийн” болон “У.Хүрэлсүхийн” гэж хоёр фракцид хуваагддаг. Тус бүр 17 хүнтэй. Үүн дээр АН-ын бүлгийн 13 гишүүн нэмэгдэж хотын даргын огцруулах эсэхийг шийднэ.
Хэдийгээр АН-ын бүлэг сөрөг хүчин гэдэг утгаараа огцруулах асуудлыг шууд дэмжээд явах боломжтой ч асуудлыг хэлэлцэхийн тулд эхлээд огцруулахаар тавьсан үндэслэлүүдийг харах ёстой л доо. МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тавьсан үндэслэл нь товчхондоо “Ажлаа хийж чадаагүй” гэсэн байгаа. Гэтэл ердөө хориодхон хоногийн НИТХ хотын даргын ажлыг үнэлж цэгнээд 80 гаруй хүвийн үзүүлэлтээр “Сайн” гэж дүгнэсэн байна. 100-аас 80 оноо гэсэн үг. Хотын дарга хоёр жил дараалан 80+ үнэлгээг авч ирсэн байна. Мөн саяхан Засгийн газар төрийн байгууллагуудын ажлыг шалгаад нийслэл болон таван аймгийг “шилдэг хамт олон”-оор шалгаруулсан билээ. Хотын дарга ч гэсэн нийслэлд төсвийн хөрөнгө оруулалтаар барих ёстой ч зураг төсөвгүйгээс ажил нь зогсоод байсан 100 гаруй обьектийн /сургууль, цэцэрлэг, эмнэлэг/ зураг төсвийг батлуулж, газрыг чөлөөлсөн гээд өөдөөс нь хэлбэл хэлэх үгтэй л байгаа.
Тиймээс өнөөдөр НИТХ өнөөдөр тун “ойлгомжгүй” нөхцөл байдлаас сонголт хийх болж байна. Сайн ажиллаж байна гэж дүгнэчихээд Засаг даргаа огцруулах уу, эсвэл “муу ажиллаа, огцруул” гээд байгаа намын даргаа ганцаардуулах уу?
Б.ЗАЯА
Сэтгэгдэл (5)