УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулах саналд гишүүдийн дэмжлэгийг авч байгаа билээ. Энэ албан бичигт 27 гишүүн гарын үсэг зурснаар УИХ-ын даргад өргөн барих боломж бүрдсэн байна.
Тэрбээр энэ сарын 12-нд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүлсэн. Ингэхдээ ЖДҮ-тэй нэр холбогдсон албан тушаалтнуудад шат шатанд нь хариуцлага тооцох, нэр холбогдсон гишүүдийг ёс зүйн хороогоор оруулж, хариуцлага тооцох, МАН-ын Удирдах зөвлөлийн хурлыг энэ сарын 20-ны дотор хуралдуулж, эдгээр хүнд хариуцлага тооцохыг шаардсан юм. Хэрэв түүний энэ шаардлагыг биелүүлэхгүй бол Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барина гэдгээ мэдэгдсэн билээ.
Тэгвэл дөнгөж сая УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа УИХ-ын даргад Засгийн газрыг огцруулах саналаа өргөн барилаа.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "Би монголын ард түмнээс уучлалт гуйж байна. Монгол төрийн тогтвортой байдлыг хангаж ажиллах үүрэгтэй нэр бүхий 27 гишүүн ард түмнээс уучлалт хүсэж байна. Бидэнд Монгол Улсын төлөө том эрх ашиг байгаа учраас Засгийн газрыг огцруулах санал гаргахад хүрлээ.
Дараах үндэслэлээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах хүсэлт гаргаж байна. Нэгдүгээрт, ЖДҮХС-тай холбогдсон асуудлаар Засгийн газрын гишүүд, намын удирдах албан тушаалтнуудад хариуцлага тооцох шаардлага тавьсан. Өнөөдрийг хүртэл харахад хариуцлага тооцсонгүй.
Хоёрдугаарт, Ерөнхий сайд Үндсэн хуулийн хүрээнд ажиллаж чадахгүй байна. Ерөнхий сайд өөрөө ард иргэдийг элдэв цуглаанд турхирч байна.
Гуравдугаарт, Танхимынхаа сайдуудад хариуцлага тооцож чадахгүй, тэдэнд барьцаалагдсан байдалтай байна" гэв.
Сэтгэгдэл (2)