Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж ЖДҮДС-гийн хөрөнгийг үрэн таран хийсэн УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг албан тушаалаас нь чөлөөлөв. Ингэхдээ өөрийнх нь хүсэлтээр. Ядаж л Ерөнхий сайд нь түүнд хариуцлага тооцож чадсангүй. Алдаа гаргасан тул ёс зүйн хариуцлага хүлээж байна гээд сайн дураараа ажлаа өгчихлөө. Мөн түүнийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын хүсэлтийг УИХ хүлээж авсангүй.
Б.Батзориг нь Хүнс, хөдөө, аж ахуйн сайдаар ажиллахдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хэргээр АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнийг нь тогтоосон ч УИХ-ын гишүүд түүнийг 86,8 хувийн саналаар хамгаалалтдаа авлаа. “Чаддаг юм бол ялыг нь өгөөд ачуулчихаарай” л гэж байна.
Уг нь нэг жишээ бий. Дээхэн үед, Ерөнхий сайд маань (У.Хүрэлсүх) өөрөө казиногийн хэрэгт холбогдож, шалгасаар шулгуулсаар байгаад 20 саяын үнэтэй “УАЗ-фургон” машин дээр унаж байлаа. Одоо УИХ-ын гишүүн байгаа, ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбат тэргүүтэй НАМЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүд бүгдээрээ Хадгаламж банкны хэрэгт шалгагдаж, Солонгосын казинод алдчихсан сураг дуулгаж байсан үе.
Тэгэхэд УИХ-ын дөрвөн гишүүн (Б.Бат-Эрдэнэ, Г.Занданшатар, Т.Бадамжунай болон У.Хүрэлсүх) ээлж дараалан Халдашгүй байдлын дэд хороонд асуугдаж, УИХ-ын гишүүд уламжлал ёсоор “бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй” хэмээн саналаа өгсөн ч У.Хүрэлсүхийг ганцааранг нь гурван шатны шүүхээр оруулсан юм даг. Анхан шатны шүүхээс түүнд оноосон хорих ялыг давж заалдах шатанд хэвээр үлдээж, Улсын дээд шүүх дээр ирж байж хэрэгсэхгүй болсон санагдаж байна. Хэрвээ Дээд шүүх ялыг хэвээр үлдээсэн бол Монгол Улс парламентын гишүүнээ халдашгүй байдалтай нь хамт шоронд хийсэн анхны тохиолдол болох байв. Төрийн ордны гадаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн хуягласан ирээд хүлээж байсан түүх саяхных.
Гэх мэтчилэн ойролцоо “факт” бас байдаг л юм. Санах нэг нь санах л ёстой. Ер нь бол хэрэг хийсэн хүн хэзээ ч “би хэрэг хийсэн” гэж хэлдэггүй л юм билээ. Ялангуяа төрийн өндөр албан тушаалтнуудын тухайд. Тийм болохоор “Хуулийн дагуу зээл авсан” гэж мэдүүлж байгаа УИХ-ын гишүүдийг гайхах юм алга. “ЖДҮ-ийн сан чинь зээл олгох тодорхой журамтай. Сайд зөвхөн гарын үсэг л зурах эрхтэй” гэж хэлж байгаа ХХААХҮ-ийн сайдыг ч буруутгах арга алга. Харин хуулийн байгууллага өөрөө яаж ажиллаж байна вэ гэдэг хамгийн чухал нь.
М.Энх-Амгалан прокурорт хэлэхэд, нэг их шударга ёс ярьж, ширээ шааж орж ирчихээд замдаа таарсан нэг хоёр хүнд (тэр нь очиж очиж М.Оюунчимэг, Ц.Даваасүрэн шүү) заамдуулаад дуу нь сулардаг бол ийшээ зүглэх ч хэрэггүй л дээ. УИХ нь гишүүнээ “бүрэн эрхтэй нь шалгуулна аа” гэж байгаа бол шалгаад л өг. Тэртэй тэргүй хийсэн хэрэг нь түмэнд зарлагдчихсан, гардан гүйцэтгэсэн хүмүүс нь хоригдчихсон байхад “сүүлнээс нь чимхээд” ганц сэгсрэхэд л хэргээ улайна биз дээ. Тэгэхийн оронд “Түдгэлзүүлэхгүй бол шалгахгүй” гэвэл харин жинхэнээсээ МАН-ын 65-тай яг адилхан нэг тал болж харагдана. Тиймээс энэ удаад АТГ, прокуророос асууя. Хэн чинь юу чаддаг вэ?
Б.ЗАЯА
Сэтгэгдэл (1)