УИХ-ын ээлжит бус хуралдаан болж ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: ЖДҮХС-аас гишүүдэд зээл олгосон нь намын эсвэл төрийн даалгавар байв уу. Шатахууны үнэ, долларын ханш өсөөд байна. Засгийн газар юу хийж байна вэ?
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Шатахууны үнэ, ам.долларын ханш өсөж байгаа нь шууд биднээс хамаарахгүй. Шатахууны үнийг цаашид тогтвортой барих чиглэлээр Засгийн газар өөрсдөөс шалтгаалах бүх арга хэмжээг авсан. УУХҮ-ийн сайд ч энэ асуудал дээр ажиллаж байгаа. Ер нь бол шатахууны үнийг тогтвортой байлгах цорын ганц гарц бол газрын тос боловсруулах үйлдвэртэй болох.
Нэг зүйлийг би хатуу хэлье. Би үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхгүй. Би тэгж цаасан мөнгө хэвлэж ард иргэдээ хууран, шатахууны үнийг хүчээр барьж чадахгүй. Харин газрын тос боловсруулах үйлдвэрээ хурдан барих тал дээр ажиллана.
Гишүүд ЖДҮХС-аас зээл авсан явдал бол буруу. Нам болон Ерөнхий сайдын зүгээс ямар нэгэн даалгавар өгөөгүй. ЖДҮ-ийн сангаас зээл авсан гишүүдийг ард түмнээсээ уучлалт гуйж, зээлээ төлөхөөс нааш дахин нэр дэвшүүлэхгүй, улс төрд Ардын намын өмнөөс барилдахгүй. Үүнийг би дахин хэлье. Зээл авсан үйлдэл нь хууль зөрчсөн эсэхийг хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Би тогтоож чадахгүй.
Иргэд өнөөдөр шударга ёсыг л хүсэж байна. Тиймээс ч удахгүй энэ ёс зүйн хариуцлагыг хүлээлгэх алхмыг хийх болно. Та бүхэн дэмжиж ажиллаарай. Бүр болохгүй бол эцэст нь би өөрөө огцрох болно.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Та 64 бүлгээ удирдаад явах итгэл үнэмшилтэй байна уу. Жилийн өмнө та Ерөнхий сайдаар томилогдоод явахдаа манай танхимынхнаас битгий хууль бус юм хүсээрэй гэж байсан. Гэтэл танхим тань, гишүүн чинь хууль бус юм хийчихсэн байна. Ерөнхий сайдаа та Би ганц л зүйлээс айна, Би зөвхөн ард түмнийхээ итгэлийг алдахаас айж байна гээд байх юм. Ард түмэн хэдийнээ танд итгэхээ больчихоод байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Таны хэлж буйтай би санал нэгтэй байна. Гэхдээ энэ зөвхөн манай намын ч биш, АН-ын ч асуудал. Би хийх ёстой зүйлээ хийж, тавих ёстой шаардлагаа тавьж байгаа. Миний хүч хүрэхгүй зүйл гэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр шүдгүй арслан шиг байгаа. Архираад л байдаг, зууж чаддаггүй. Ерөнхий сайд ажлаа хийж чаддаг байхын тулд Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ард түмэн бухимдаж, Засгийн газар огцордгоороо огцорсоор байх болно.
Бидний тогтолцоо буруу байгаа нь үнэхээр харагдаж байгаа. Тийм учраас иргэдийн өмнө оноо авах зорилготой үйлдэл хийхгүйгээр хамтраад ажиллая.
Удахгүй МАН-ын Бага хурлаа хийнэ. Хурал дээр шинэчлэлийн асуудлаа ярина.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Танай нам доторх зөрчилдөөн будлианаа АН-тай битгий хутгаарай. 2016 оны сонгуулиар АН тавиулдаг дүнгээ тавиулж, шинэчлэлээ эхлүүлж, хийх ёстойгоо хийж байгаа гэв.
Асуулт тавьж, үгээ хэлсний дараа санал хураалт явуулж Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг гишүүдийн 76 хувийн саналаар дэмжлээ.
Сэтгэгдэл (3)