Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан”-д энэ онд төсвөөс 99.1 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ. Сангаас өгч буй хөнгөлөлттэй зээлийн хугацаа таван жил, жилийн гурван хувийн хүүтэй. Нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээ нь хоёр тэрбум төгрөг. Тиймээс ирэх оны төсөвт сангийн санхүүжилтыг хэрхэн нэмэгдүүлэх вэ хэмээн УИХ-ын гишүүд Сангийн сайдтай “нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцаж” байв. Ойролцоогоор 200 тэрбум орчим төгрөг төсөвлөөд байгаа бололтой.
Гэвч долоо хоногийн дундуур нийгмийн сүлжээнд тавигдсан нэгэн мэдээлэл байдлыг орвонгоор нь эргүүлж орхилоо. “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан”-гаас хөнгөлөлттэй зээл авсан аж ахуйн нэгжүүдийн жагсаалт дотор УИХ-ын гишүүн Х.Болорчулууны “Дорнод гурил” компани 950 сая, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарын “Эпото анарваан” ХХК (эхнэрийнх нь нэр дээр бүртгэлтэй) тэрбум 200 сая, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн “Тээвэр ачлал” компани (мөн адил эхнэрийн нэр дээр бүртгэгдсэн) тэрбум 400 сая, УИХ-ын гишүүн Г.Солтаны “Монгол шаазан” компани 950 сая төгрөгийн зээл авсан баримт дэлгэгдэв. Үүнээс хойш ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын нэрс “гэрлийн хурдаар” задарч байна. Зөвхөн УИХ-ын гишүүд төдийгүй Монгол Улсын ерөнхий аудидор (уг нь бол төсвийн зарцуулалтад хяналт хийх ёстой гол хүн нь шүү дээ), Тагнуулын ерөнхий газрын дарга асан (БНСУ-д Монгол Улсын төлөөлөн Элчин сайдаар сууж байгаа Б.Хурцыг 53,5 тэрбумаар үнэлэгдэх үнэт эдлэлтэй тухай хэвлэлүүд бичиж байна) хүртэл энэ сангаас угжигддаг байжээ.
Хамгийн харамсалтай олон нийтийн дунд овоо гайгүй “имиж” бүрдүүлээд байсан УИХ-ын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нарын нэр мөн энэ жагсаалтыг “чимэв”. Ж.Энхбаяр гишүүний 100 хувь эзэмшдэг хэмээн хөрөнгө орлогодоо мэдүүлсэн "Газар буудай" компани ЖДҮХС-гаас 2018 онд 950 сая төгрөгийн зээл авсан байна. Эрхэм гишүүний хувь хувьцааг нь эзэмшдэг “Газар арго” компани 2016 онд мөн л ЖДҮХС-гаас зээл авч байжээ.
Ж.Энхбаярын хувьд УИХ-ын гишүүд дотроо хөрөнгө орлогоороо хоёрдугаарт жагсдаг гэх. Түүний хөрөнгө орлого 2017 оны байдлаар 2.4 тэрбум төгрөгт хүрснийг ХОМ-ээс нь харж болно. Эрхэм гишүүний хөрөнгө, орлогыг зузаатгахад ЖДҮХС чамгүй үүрэг гүйцэтгэдэг бололтой. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын төрсөн ах Х.Баттуул “Милл хаус” компаниараа дамжуулан ЖДҮХС-ээс хамгийн их буюу хоёр тэрбум төгрөгийн зээл авсан тухай мэдээ нийгмийн сүлжээнд тавигдаад байна.
УИХ-ын эрхэм гишүүийн мартсаныг сануулахад иргэд, аж ахуй нэгжүүд бизнесээ эхлүүлэхийн тулд арилжааны банкаас 20-30 хувийн хүүтэй зээл авдаг. Жижиг дундынханд ийм хэмжээний хүү банкинд төлөөд цаана нь өөртөө ашиг хийх, үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломж байхгүй учраас тэднийг нүдийг нь аниулчихгүйн тулд, төрөөс үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан” гэгчийг бий болгож, жижиг дунд бизнес эрхлэгчдэд бага хүүтэй, урт хугацаатай зээл олгох бодлогыг эхлүүлсэн. Гэвч “тэр зээл чинь хаана байна аа? Хэн нь аваад хэнд нь хүртдэггүй юм бэ? хэмээн иргэдийн эрэл сурал болоод байсан их мөнгөний жим ингээд тодроод ирлээ. Юм яаж ч муудаж байсан заавал сайн тал руугаа явж байдаг гэдэг үнэн бололтой.
Энэ удаагийн төсвийн хэлэлцүүлэг, их том “мөсөн уул”-ын оройг ил гаргах шиг боллоо. "Тунгалаг тамир"-ын Итгэлт баян "Энэ хүрээний бузрыг ухвал далай, далай" гэж суудаг даа. Төрийн нэртэй бусад сангуудыг ухаад үзвэл үүнээс багагүй л юм гарах байх
Б.ЗАЯА
Сэтгэгдэл (1)