x

Амьд явах ​ба “Амьд явах эрх”

Хүн байна гэдэг бол өөрөө эрх чөлөө хэмээн бид ухаардаг. Гэхдээ, амьдарч эхэлсэн, ялангуяа хүний биеийг олж төрсөн зэрэг маань бидний сонголт байгаагүй. Хэн ч биднээс “орчлонгийн хүрдэнд төрөх эсэх”, “хүмүүн заяа таалагдах уу, яахав”, “Ямар хүйс зүгээр вэ”, “Иймэрхүү аав, ээж чамд санал болговол зөвшөөрөх үү” гэхчлэн асуугаагүй. Тэр бүү хэл өөртөө ямар нэр өгөх нь ч бидний мэдлээс гадуур өрнөдөг. 

Магадгүй юм, ойрын үед хүүхдүүд насанд хүрч, иргэний үнэмлэх авах үедээ хүссэн нэрээ өөрөө сонгодог болж болох байх. 

Харин ижил хүйстэн байх, хүйсээ солиулахыг эрмэлзэх зэрэг нь байгалийн алдаа юу, эсвэл хүн хэмээх бодгаль хүйсээ сонгох эрх чөлөөгөө эрмэлзсний илрэл үү, бүү мэд.

Бас, эцэг эх нь хүүхдийнхээ хүйсийг сонгох бололцоо бий болсон нь гэр бүлийн зүй ёсны эрх ашиг уу, эсбөгөөс шинээр төрөх хүний хүйсийн эрх чөлөөнд халдсан явдал уу гэхчлэн олон асуудал хожмын өдөр яригдах байх. 

Дорнодахины гүн ухаан, Буддын сургаальд энэ бүхнийг үйлийн үрээс хамаардаг учраас үндсэндээ чиний сонголт бол мөн хэмээн номлодог гэсгээд энэ хэсгийг алгасъя.

Харин, нэгэнт төрснөөс хойш хийх сонголт, толгой мэдэх эрх бол хүнд бий. 

Мэдээж, хамгийн чухал, үндсэн эрх бол амьд явах эрх. Амьд явах эрхийг бид олон янзаар төсөөлдөг. Юуны амьд явахад хэрэгтэй наад захын зүйлсээр хангах явдал мөн гэж харах нь байна. Тэгвэл, хоол олдохгүй турж үхвэл, дулаан хувцас олдохгүй осговол энэ эрх зөрчигдсөн хэрэг мөн үү?

Араас нь, хэрэв тийм бол хүн өөрө амьд байхын тулд ямар үүрэг хүлээх вэ гэсэн асуулт ч бас гарна. Хэрвээ, төр нь иргэнийхээ өмнөөс турааж үхүүлэхгүй, осгоож алахгүй байх үүрэг хүлээдэг юм бол шүү дээ?

Улмаар, манай олон нийтийн мэдээллийн орчинд “Амьд явах баталгаа хаана байна” гэдэг философилог асуулт байнга яригддаг. Төрөөс нэг тийм баталгаа, сертификат маягийн зүйл гаргаад өгчихвөл, нөгөөхөө духан дээрээ наагаад мөнхрөх юм шиг ярьдаг даа. Яг л цахилгаан бараанд жилийн, шинэ машинд эхний 10.000 км-ийн баталгааг үйлдвэрлэгч борлуулагч нар гаргаж өгдөгөрхүү, “Энэхүү иргэн болбоос амьд явах баталгаатай болно: эхлэх... дуусах... Сунгалт: Оны... сарын ...өдөр хүртэл хүчинтэй ” гэсэн бичиг байх юм уу даа, бидний төсөөлдгөөр бол.

Баталгаат хугацаандаа эвдэрсэн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, борлуулагч тал шинээр сольж өгдөг. Харин төрийн баталгаат хүмүүн бээр нас барчихвал яах вэ ? Шинээр сольж өгнө, дахин амилуулна гэж байхгүй. 

Энэ утгаараа бараа бүтээгдэхүүнд “эвдрэхгүй байх баталгаат хугацаа” байж болдог бол хүмүүнд үхэхгүй байтугаа өвдөхгүй байх баталгаа үгүй. Иймээс “Амьд явах баталгаа”-тай хэн нэгэн манай гариг дээр орших аргагүй. Бурхан Буддад хүртэл олсон гэгээрэл нь ийм баталгаа гаргаж өгөөгүй. Харин ч тэрээр ертөнцийн мөнх бус ба хоосон чанарыг ухаарснаа бидэнд хэлж өгсөн. Түүнчлэн, аврагч Христэд ч Ертөнцийн эзэн эцэг нь тийм батламж хайрлаагүй. 

Тэгэхээр, амьд явах эрх гэж яг юу вэ. Ийм эрх байгаа юм чинь иргэн хүн хүссэн үедээ амьдралаас татгалзах эрхтэй байх учиртай. Энэ эрхийг яаж хангах хэрэг вэ ?

 Иймээс, амьд явах эрхийг хамгаалах гэдэг нь өлсөх, харангадахаас эхлээд өвдөх зовохыг хүртэлх үхлийн шалтгаануудыг төр засгаас арилгахын нэр төдий биш болоод байна. Цаашлаад, хүнийг үхүүлэхгүй байлгах үүргийг хэн нэгний өмнөөс төр хүлээхийн нэр биш байх нь. Тэр ч бүү хэл өнөөдөр зарим улс орон хүмүүст үхлээ сонгох боломж олгож эхэлжээ. 

Хариулт яг эндээс эхэлж байна. Хүмүүний биеийг олж төрсөн хэн ч болов амьдралаас татгалзах хүсэлгүй байх үед нь амь наснаас нь хагацуулахгүй байх үүргийг төр хүлээдэг. Үүнийг амьд явах эрхийг хангах гэж ярьдаг. 

Төрөлт чиний сонголт биш, үхэх ч бас чиний санал хүсэлтэй уялдахгүй. Миний хүсэл зоригоос хамаарахгүй хоёр цэгийн хооронд байгаа амьдрал хэмээх шугам дээр “Амьд явах эрх” эрх ийнхүү гарч ирж байна.

Хүний амьдралыг тасалдуулахгүй байх үүргийн оройд цаазаар авах ялыг хэрэглэхгүй байх үүрэг ордог. Хүний түүхийн эрт балар үед бараг л цор ганц ял шийтгэл нь “толгой авах” байсан үе ч бий. Гэвч аажмаар хүн төрөлхтөн суурьшин иргэншиж, гэмт хэрэгтнийг хорих, хүнд хөдөлмөр эрхлүүлэх зэргээр залхаах, гэмээ наминчлах арга зам олж,гэм этгээдийг юу юугүй л хороогоод байхаа больжээ. (Гэхдээ хийсэн хэрэгтээ гэмшээд ч юмуу, баригдсандаа нээрвтээд тас харвачихвал төр буруутахгүй л байх л даа)

Нүүдэлчдийн хувьд шорон гяндан барьж суух боломж тааруу учраас цаазалж, эсвэл газар дээр нь зодож нүдэн ялыг нь эдлүүлж дуусгадаг аргатайгаа ХХ зуунд ирсэн юм. ХХ зууны Монголд тогтсон Зөвлөлт маягийн хүчирхийлэл нь эрүүгийн хэргээс халиад улс төр, үзэл санааны хэргийн гол ял болгоод нийтийг хамруулан аллага зохиожээ. Тал нутагт цаазын ял бараг сахилгын шийтгэлийг хүртэл орлох болов. Түүнийг улс төрийн хэрэгтнүүд, эрүүгийн ялтнууд байтугаа, социалист өмч үрэгдүүлсэн хүмүүст хүртэл оноож байлаа.Монголчуудын хувьд цаазын ял нь цааз хууль байгаагийн илэрхийлэл болон үлдсэн гэхэд ч болно.

Харин XXI зууны эхээр Монгол улс цаазын ялгүй болж байгаагаа тунхагласан. Ерөнхийлөгч нь ийм ялаас түдгэлзэхээ зарласан. Гэхдээ хууль цаазанд нь тодорхой тохиолдолд хүний амьдрах процессийг төрийн шийдвэрээр тасалдуулах тухай заалт бол хэвээрээ байгаа. Дараа дараагийн хэн нэгэн төрийн тэргүүн “Давай, толгойг нь авцгаая” гэхэд цаазын ял эргэн хэрэгжих боломжтой гэсэн үг.

Ял шийтгэлийг агшин зуур эдлүүлэн, хэрэгжүүлчихээд нүүн одох уламжлалт сэтгэлгээнээсээ салаагүй яваа бидний хувьд заримдаа “Цаазын ялгүй болох нь ял завшуулахтай ижил зүйл” мэтээр төсөөлөгддөг. Хохирогчид ч гоморхдог.

Үнэн хэрэгтээ, насаар нь хорих ял гэдэг бол нийгмийн амьтан болсон оюун ухаант хүн (homo sapiens)-ий хувьд амьдаар нь хүний нийгмээс “хасах” хатуу харгис үйлдэл юм шүү дээ. Хүнийг цаазаар явна гэдэг нь агшин зуур яллаад л дуусна гэсэн үг. Харин насаар нь хорих бол хийсэн хэргийнх нь төлөө амьд байгаа агшин тутамд нь ял ногдуулан цээрлүүлж буй процесс бөлгөө. 

Харин одоо, Монгол улс цаазыг ялаас татгалзаж байгаагаа Үндсэн болон зохих хуулиндаа тусган бичиж шинэчлэх нь иргэнийхээ амьд явах эрхийг баталгаажуулсан хамгийн том алхам болно. Ингэснээр “иргэнийхээ амьдралыг төрөөс санаачлан таслахгүй” байх баталгаа өгч байгаа юм. 

Үүний дараагаар, шүүхийн шийдвэрээс бусдаар хүний амьдралын явцыг тасалдуулах бусад шалтгаануудыг арилгахад чиглэсэн алхмууд ордог аж. Энэ нь нэлээн дам байдлаар хэрэгждэг аж. Жишээлэхэд, согтуу жолооч нар хүн дайрч алж, бэртээж байна. Мэдээж, хууль зөрчсөн жолоочийн өмнөөс төр шоронд орохгүй. Гэхдээ согтуугаар жолоо барих, замын хөдөлгөөний дүрэм зөрчихтэй хийх тэмцлийг чангалж, дүрэм журмаа хатуу болгох үүрэг хүлээнэ. Согтуу жолоочийг “хүний амь санаатай бүрэлгэхийг завдсанд" тооцон ял оноодог ч юмуу ? (Гэхдээ, өөрөө согтуу явж байгаад машин доогуур орох, улаан гэрлээр дайраад дайруулах зэрэг бол хамаагүй, тийм үү?)

Түүнчлэн, иргэдээ бөөнөөр нь тураагаад үхүүлчихгүйн тулд Засгийн газраас хүнсний хангамжийн аюулгүй байдлыг хангах ёстой гээд цаашлана. (Мэдээж, гамшгаас бусад үед бэлэн хоол тараах үүрэг хүлээхгүй)

Хүн бүрийг ханиад хүргэхгүй байх үүргийг засаг хүлээхгүй боловч ханиалгандаа уух эмийн хангамжтай, үзүүлж эмчлүүлэх эрүүлийг хамгаалах тогтоцтой байлгах үүрэгтэй. Улмаар, олныг хамарсан өвчин тахлаас иргэдээ аврах ажлыг зохион байгуулах нь төрөөс иргэнийхээ амьд явах эрхийг баталгаажуулах үүрэгт багтана. (Манай улс “Ковид-19” цах тахлын эсрэг вакцинд хүн амаа тун ч боломжийн хамруулж чадсан)

Эцсийн дүндээ, чамаас үл хамаарах шалтгаанаар чамайг үхүүлчихгүй байх тал дээр төрийн хүлээсэн үүргийг л “Хүний амьд явах эрхийг хангах” гээд байгаа юм, бүдүүвчлэн тайлбарлахад. Үүний хамгийн том үзүүлэлт нь төрийн шийдвэрээр алж устгахгүй байх буюу цаазын ялаас татгалзах явдал ордог юм байна. 

Гэхдээ олон зүйл хувь хүн өөрөө амьдралаа хэр хамгаалахаас хамаарна л даа. Вакцин авчраад “Үнэгүй хийлгэх ажааму” гээд хадаг барих нь холгүй байхад “Дотроо чиптэй гэж байгаа” хэмээн үнэмшээд үхэж байгаа хүний амьд явах эрхийг төрөөс хангах аргагүй. Дашрамд дурьдахад, вакцины эсрэг сурталчилгаа хийгсэд бол хувь хүний болон тухайн үндэстний амьд явах эрхийн эсрэг явуулга хийж буй нийгмийн “дайсан”-ууд юм. Цуурхал явуулгад нь үнэмшээд Ковид-цар тахлаар амиа алдсан хүмүүсийн өмнөөс, ядаж л ёс суртахууны хариуцлага хүлээх учиртай “гэмт хэрэгтэн” гэсэн ч болно.

Амьд явах хийгээд “амьд явах эрхийг хангах” асуудлыг зөвхөн нэг өнцгөөс нь харж эргэцүүлэхэд иймэрхүү.

Б.Цэнддоо /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын хөлөг онгоцуудаас авах хураамжийг нэмэгдүүллээ 15 мин Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцов 18 мин Карл Попперын мэтгэлцээний тэмцээний шилдэг оролцогчид тодорлоо 31 мин Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна 34 мин "Оюутолгой" ХХК энэ онд 40 га талбайг загаар ойжуулна 40 мин Золбин нохой, муурыг түр асрамжийн газарт байрлуулна 44 мин Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө 48 мин "Монгол орон гэрэл зурагт" хамтарсан үзэсгэлэнг нээнэ 53 мин Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 1 цаг 2 мин Дэлхийн шинэ дэг 1 цаг 21 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 1 цаг 28 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top