Индонезийн нийслэл Жакарта хотноо энэ сарын 16-нд “Монгол дуурийн үдэш” тоглолт болжээ. Уг арга хэмжээг Индонез дэх Монгол Улсын Өргөмжит консул Чандра Гозали, Монголын Соёлын элч Сэтионо Жуанди Дармоно нарын санаачилгаар зохион байгуулсан байна.
“Монгол дуурийн үдэш”-т оролцсон гавьяат жүжигчин, Соёлын элч, дуурийн дуучин Э.Анхбаяр, дуурийн дуучин Д.Отгонжаргал, Д.Дуйнхоржав, дуучин Н.Наранбаатар нар Ж.Пуччини, Ж.Бизэ, Ж.Верди нарын сонгодог бүтээлүүдээс гадна Б.Тийл, Э.Пресли, Ж.Лоуренс, Э.Ньюли нарын бүтээл, тэр дундаа “Би Монгол хүн”, “Монголын тал нутаг” дуунуудаар үзэгчдийн сонор, мэлмийг мялааж, алга ташилт дүүрэн тоглолт болжээ.
“Монгол дуурийн үдэш” арга хэмжээг Индонезийн албаны хүмүүс, бизнес, соёлын төлөөлөгчид болон Жакарта хотод суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нар үзэж сонирхсон байна.
Дашрамд дурьдахад, уг тоглолтыг Индонезийн хэвлэлд “Чингис хааны эх орны дуурийн дөрвөн дуучин Жакартад хүч түрэн орж ирэв” гэж онцолсон байна.
Сэтгэгдэл (1)