Хүүхэд гэдэг тухайн улсынхаа ирээдүйн иргэд. Тиймээс ирээдүйн иргэдээ эх оронч ѳв соёл, үүх түүх, үндэсний хэл бичгээрээ бахархдаг болгож ѳсгѳх нь монгол эцэг эх бүрийн үүрэг. Гэвч бид тэгж ѳсгѳж чадаж байгаа билүү? Ѳѳрѳѳсѳѳ асуугаад үз! Сүүлийн үед гадны болоод барууны сургалт, хүмүүжлийн арга барилыг онцлон ярьж, олноороо нялх балчир үрстээ харь хэл, харь соёлыг заалгах "мода" тай болж. Хэт багад буюу 12-с доош насанд нь гадаад хэл зааснаар тухайн хүүхдэд хэлний дархлаа үгүй болдог гэдгийг хэл шинжлэлийн нэрт эрдэмтэд ямагт захин ярьдаг. Үүнд үнэний ор буй нь "унаган" гэх гадаад хэлтэй монгол хүүхдүүд монгол хэлээрээ яг л гадны иргэд ярьж байгаа мэт ярьдагаас нь харагддаг. Амар мэндээ мэдэлцэх нь хүртэл ерѳѳл билэг байдаг монгол түмэн эрт дээр үеэс хүүхдээр хүн хийх ѳѳрийн гэсэн онцлог олон хүмүүжлийн арга ухаантай байж. Буурал дээдсийн маань үед цогц хөгжил гэсэн ойлголт, үг хэллэг байхгүй байсан ч ил буюу далд ухамсрын аргаар хүүхэд багачуудаа хүмүүжүүлж иржээ.
Хүүхэд багачуудынхаа оюун ухааныг тэлэхийн тулд ухаант буурлууд маань олон тѳрлийн бишрэм арга ухааныг хэрэглэдэг байж. Гол дүр, баатруудаас нь дуурайлал авч, сайн сайхныг нь үлгэрлэг гэх үүднээс олон аман зохиол, ерөөл магтаал, оньсого таавар, туулс, үлгэр домгийг орой болгон ярьж ѳгдѳг байж. Энэ нь бас тѳсѳѳлѳн бодох чадвар, ѳѳрийгѳѳ илэрхийлэх чадвар зэргийг суулгаж, үгийн баялаг ихтэй болгох, ой тогтоолт сайжруулах гээд л олон давуу талтай юм. "Ахаа алд хүндэл дүүгээ дэлэм хүндэл" гэх зэрэг зүйр үгсийг сургаж үүгээрээ ах дүүгээ хүндлэх ёсыг заан суулгадаг байж. Ертөнцийн үүслийн тухай Монгол домгоо хүүрнэж Монгол хүний өвөрмөц сэтгэлгээг илтгэн харуулдаг байв. Түргэн хэллэг, цагаан лонх тоолуулах, дайралцаа үг зэргээр амны хѳндийн хѳгжил, цээжний багтаамж зэргийг нь дээшлүүлж , хурц тод хэл яриатай болгодог байжээ.
Дурдаад байвал ѳвѳг дээдсийн минь энэ мэт хүмүүжлийн арга ухаан арвин билээ. Айлаас эрэхээр авдраа уудал гэгчээр удмын соёл, ууж идэх зүйл, хэл бичиг гээд л бүх л зүйлсээр харь хѳндий гадны хүмүүжлийн арга ухааныг гэхээсээ ѳмнѳ ѳѳрийн язгуурын хүмүүжлийн арга ухааныг судлаад, хэрэгжүүлээд нэг үзээрэй. Ѳвѳг дээдсийн минь суу их ухаан, үндэсний соёл, язгуур урлаг, аман зохиол гээд л тэр чигтээ монгол хүүхдийг "хүмүүнжүүлэх" том шинжлэх ухаан юм.