МЭӨ 240 онд Грекийн эрдэмтэн Эратосфен Киренский дэлхийд анх удаа дэлхийн бөмбөрцөгийн радиусыг бодон гаргажээ. Эратосфен Киренский (МЭӨ 276-МЭӨ 194) нь эртний Грекийн тооч, одон орон судлаач, газар зүйч ба яруу найрагч хүн. Бага наснаасаа Александрид амьдарч нутаг нэгтэн, Александрын номын санг толгойлж байсан эрдэмтэн Каллимахаас эрдэм мэдлэгээ авчээ.
Авсан мэдлэгээ өргөжүүлэхээр тэр Афинд ирээд Платоны сургуулийн ойролцоо суурьшжээ. Энэ хоёр сургуулиар авсан түүний эрдэм Эратосфеныг олон талын шинжлэх ухааны бүтээл туурвихад нь тус болсон юм. III Птолемей Эвергет хаан Каллимахыг нас барсаны дараа Эратосфеныг эргүүлэн дуудаж Александрийн номын санг толгойлуулах болсон байна.
Түүний гол бүтээлүүдийн нэг нь дэлхийн радиусыг тооцон бодсон үйл юм. Эртний египетчүүд зуны өдөр хоногийн тэнцлээр нар Сиенад (өнөөгийн Асуан) гүнзгий худгийн ероолд тусдаг мөртлөө Александрид тийм үзэгдэл гардаггүйг ажиглажээ. Эратосфен үүнийг дэлхийн бөмбөрцгийн радиусыг тооцохдоо ашигласан байна.
МЭӨ 240 оны зургадугаар сарын 19-нд нар хамгийн өндөр байх цагт Александрия хотод тэрээр урт зүү ба скафис гэсэн аягыг хэрэглэн нар ямар өнцөгөөр тэнгэрт байгааг тогтоожээ.
Хэмжилтийн дараа 7 градус 12 минут буюу тойргийн 1/50 гэсэн тоог гаргаж авсан байна. Тэгвэл Сиена нь Александри хотоос тойргийн 1/50-д байгаа болж таарав. Хотуудын хоорондын зай нь 5,000 шатлал гэж байсан учир дэлхийн тойрог нь 250 000 шат болоод радиус нь 39,790 шатлал болжээ.
Гэхдээ Эратосфен ямар шатлалыг ашигласныг мэдэхгүй. Грекийн шатлал нь 178 м байсан бол дэлхийн радиус Грекийнхээр 7,082 км, Египетынх нь 6,287 км болж байгаа юм. Орчин үеийн хэмжилтээр дэлхийн радиусын хэмжээ нь 6,371 км болдог. Ямар ч байсан тэр үеийн энэ тооцоо гайхалтай болсон байна.