АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёрдугаар сарын 12-ны өдөр албан ёсоор тангараг өргөснөөс хойших анхны утасны яриагаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийлээ. Түүний дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй холбогдсон нь АНУ, Орос, Украины хооронд энхийн хэлэлцээрийн асуудал бодитой яригдаж эхлэх дохио болж байна.
Трамп, Путин хоёрын 90 минутын яриа: Хэлэлцээ эхлэх үү?
Цагаан ордноос мэдээлснээр, АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгчдийн утасны яриа 1.5 цаг үргэлжилсэн. Энэ нь Трамп Ерөнхийлөгч болсноос хойших ОХУ-тай хийсэн анхны шууд харилцаа байв. Тэдний гол сэдэв нь Украины дайн, АНУ-ОХУ-ын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа байсан гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч онцолсон байна.
Трампын хэлснээр:
- "Бид Украины асуудлаар нэн даруй хэлэлцээр хийх хэрэгтэй гэж үзлээ."
- "Путинтэй удаан бөгөөд үр дүнтэй яриа өрнүүлсэн."
Москвагийн талаас мэдээлснээр:
- Путин АНУ-ын албаны хүмүүсийг Москвад урьж, Украины асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн.
- Трампыг ОХУ-д айлчлахыг урьсан бөгөөд хоёр талын харилцан айлчлал хийх төлөвлөгөө яригдаж эхэлсэн.
Энэ ярианы дараа Москвагийн хөрөнгийн зах зээлд 5%-ийн өсөлт ажиглагдаж, "Газпром", "Новатэк", "Совкомфлот" зэрэг томоохон компаниудын хувьцааны үнэ нэмэгджээ.
Трамп, Зеленский нарын утасны яриа: Украины байр суурь
Путинтэй холбогдсоныхоо дараа Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй нэг цаг орчим ярилцсан байна. Тэрээр яриаг “маш сайн болсон” хэмээн тодорхойлсон.
Трампын мэдэгдлээс:
- "Зеленский ч бас энхийг хүсч байна."
- "Путинтэй хийсэн ярианы зарим мэдээллийг Зеленскийд дамжуулсан."
Зеленский мөн өөрийн сүлжээнд "Бид энх тайван тогтоох боломжуудын талаар ярилцсан" хэмээн бичжээ.
Трампын хэлснээр, АНУ Украины асуудлыг шийдвэрлэх баг бүрдүүлсэн бөгөөд үүнд:
- Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио,
- Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф,
- Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолц,
- Украины асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Стив Уиткофф нар ажиллах юм.
Түүнчлэн, АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Украины удирдлагуудтай уулзахаар төлөвлөж байгаа бөгөөд Зеленский, АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Жей Ди Вэнс нар удахгүй Мюнхенд болох Аюулгүй байдлын бага хурал дээр уулзах аж.
Европын холбоо, бусад улсуудын хариу үйлдэл
Трамп, Путин хоёрын утасны ярианы дараа Bloomberg мэдээлэхдээ, “Энэхүү хэлэлцээр АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн бодлого өмнөхөөс эрс өөрийг харуулж байна” гэж онцолжээ.
Гэвч Европын холбооны орнуудын удирдагчид АНУ, ОХУ хооронд Украиныг оролцуулахгүйгээр дайныг шийдвэрлэх боломжгүй гэж мэдэгдсэн байна. Одоогоор хэлэлцээний нарийн нөхцөл, талуудын байр суурь тодорхойгүй хэвээр байгаа ч Трампын санаачилга нь Украины дайныг зогсоох эхлэл болж магадгүй юм.
Эх сурвалж: Цагаан ордон, Кремль, Bloomberg, OfficeLife Media
Сэтгэгдэл (1)