Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй сар бүр уулзалт зохион байгуулж байхаар төлөвлөсөн бөгөөд өнөөдөр ээлжит уулзалт болов.
Өнөөдрийн уулзалтын эхэнд Монгол Улс дахь Хүний эрхийн төлөв байдлын IV илтгэлийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хэлэлцүүлэх бэлтгэл ажил, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлэл өглөө. Монгол Улс 2010 оноос эхлэн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүний эрхийн төлөв байдлын илтгэлээ хэлэлцүүлж байгаа бөгөөд энэ оны 11 дүгээр сард IV илтгэлээ хэлэлцүүлэх юм. Өмнөх III илтгэлийг хэлэлцэхэд манай улс 190 зөвлөмжөөс 170-ыг нь хүлээн авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд эдгээр зөвлөмжийн хэрэгжилтийг хангах үүднээс “2023-2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө”-г Засгийн газраас баталсан талаар Гадаад харилцааны яамны төлөөлөл танилцууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр Хүний эрхийн форумыг төлөөлж "Хууль судлал, хөгжлийн төв"-ийн тэргүүн, доктор (PhD), профессор В.Удвал "Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилт ба хүний эрхийн зарим асуудал" сэдвээр илтгэл тавьж, Үндсэн хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, хүний эрхийг хамгаалахад тулгарч буй асуудлуудыг хөндөн ярилаа. Тэрбээр Үндсэн хуулийн хэрэгжилтийг үнэлэх тодорхой шалгуур байхгүйгээс үр дүнг хэмжих боломжгүй байгааг онцлон тэмдэглэв.
Уулзалтад оролцогчид НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд төр, иргэний нийгмийн хамтын ажиллагааны талаар санал солилцож, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний II хөтөлбөрийг боловсруулах ажилд иргэний нийгмийн байгууллагууд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Уулзалтыг хааж Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд сар бүр зохион байгуулах уулзалтыг УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хариуцан ажиллах бөгөөд цаашид төр, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулахын зэрэгцээ бодлогын түвшинд илүү үр дүнтэй зохицуулалт хийх шаардлагатайг онцоллоо.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар