УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хиймэл оюун ухааны бодлогын аналист Мария Паула Мухика Камиресттай өнөөдөр уулзлаа.
Мария Паула Мухика Камирес Монгол Улсад хиймэл оюун ухааны бэлэн байдлын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх суурь судалгааг хийж байгаагаа танилцуулсан бөгөөд эхний ээлжинд төрийн албан хаагчдаас судалгаа авсан бол цаашид хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, судлаач, оюутнуудаас мэдээлэл авах ажээ. Маргааш болох “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг олон нийтээр хэлэлцүүлэх арга хэмжээнд чиглүүлэгчээр оролцож, судалгааны эхний дүнг танилцуулахаар төлөвлөжээ.
Тэрбээр Монгол Улсад хиймэл оюун ухааныг хөгжүүлэх эрх зүйн орчин харьцангуй сайн бүрдсэн ч интернетийн чанар, хурд зэрэг асуудалд анхаарах хэрэгтэйг онцолжээ. Энэхүү судалгаа нь хөгжиж буй хэд хэдэн оронд хийгдэж байгаа бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс боловсруулсан “Хиймэл оюун ухааны бэлэн байдлын үнэлгээ” (AILA)-ний арга зүйд тулгуурлан дүн шинжилгээ хийх юм байна.
УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал уулзалтын үеэр Монгол Улс өргөн уудам нутагтай тул интернэтийн хурд, чанарыг сайжруулж байж хиймэл оюун ухааны хөгжлийг дэмжих шаардлагатайг онцоллоо. Түүнчлэн төрийн байгууллагуудын мэдээллийн ил тод байдлыг хангахдаа хувь хүний мэдээллийг хамгаалсан байдлаар ажиллах боломжтойг дурдав. Төрийн үйлчилгээг хүртээмжтэй, хурдан шуурхай, чирэгдэлгүй болгоход хиймэл оюун ухааныг ашиглах шаардлагатай тул НҮБ-ын хийж буй судалгаанд ихээхэн ач холбогдол өгч байгаа гэдгээ илэрхийлэв.
Эх сурвалж: УИХ-ын Тамгын газар