НИТХ өчигдөр ээлжит бусаар хуралдаж, нийслэлийн 2025 төсвийг баталжээ. Хуралдааныг хаалттай горимоор явуулсан байна.
2025 онд нийслэл Улаанбаатар хот 3 их наяд 807.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон бөгөөд нийт орлогын 87.8 хувь буюу 3.3 их наяд төгрөгийг татварын орлогоос, үлдсэн 465 тэрбум төгрөгийг татварын бус орлогоос төвлөрүүлэхээр тооцоолжээ. Үүний дотор зам ашигласны төлбөр болон тээврийн хэрэгслийн татварыг нэмэх асуудал ч мөн багтсан байна.
Нийслэлийн төсөв батлагдсанаар 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татвар 3 дахин, Зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэгдлээ.
Гэвч энэ нь УИХ-аар баталсан 2025 оны Төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсантай холбоотойгоор нийслэлийн төсвийг улсын төсвөөс өмнө баталсан анхны тохиолдол болов. Энэ тухай Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн дараах тайлбарыг хийжээ.
Ж.Сандагсүрэн:
-Төсвийн тухай хуулийн дагуу арванхоёрдугаар сарын 5-ны дотроо багтааж төсвөө батлах ёстой. Хуулийнхаа хүрээнд НИТХ төсвөө баталлаа. Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх шаардлагатай 17 төсөл, арга хэмжээ, метро, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулахтай холбоотой төсөл, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх төслүүд бий. Ирэх онд ажил хэрэг болох боломжтой боллоо. Зам болон бусад татвар, хураамжтай холбоотой өөрчлөлт орсон.
Монгол Улс нэгдсэн төсөвтэй. Нийслэлийн тухайд Төсвийн хуулийн хэм хэмжээ, цагалбарынхаа хүрээнд хуралдаанаа товлоод, хийгээд, мэдээллээ олон нийтэд нээлттэй өгөөд явсан. Улсын төсөв батлагдаад, нийслэлийн төсөвт тодорхой өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийж болно.