"Ногоон автобус"-ны гэх тодотголтой А.Ганхуяг, Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2024.12.04/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон байсан ч шүүх хурлыг дахин хойшлуулжээ.
Улсын Дээд Шүүх Хөгжлийн банкны хэргийг хэлэлцэж байгаатай холбоотойгоор нэр бүхий өмгөөлөгч нар шүүх хурал давхцсан гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан байна.
Сануулахад, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд 2023 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-тай худалдан авах гэрээг байгуулсан. Ингэхдээ, их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан байдаг. Гэвч эхний оруулж ирсэн 100 автобус арлын дугаарыг нь өөрчилж, засвар хийсэн хуучин автобус болох нь тогтоогдсоноор нь худалдан авалттай холбоотой асуудлыг АТГ шалгагдаж эхэлсэн билээ.
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Шүүх хуралдааныг 2024 оны аравдугаар сарын 21-нд товлосон авч шүүгдэгч нарын өмгөөлөгч хүсэлт гаргаснаар эхний удаа хойшилсон. Шүүх хуралдааныг өнгөрөгч сарын 06-нд товлосон боловч өмгөөлөгч нарын хүсэлтээр дахин хойшлуулжээ.
Өмнөх удаа шүүх хуралдаан хойшилсон шалтгаан нь "шинээр орж ирсэн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах шаардлагатай" гэсэн өмгөөлөгчдийн хүсэлтийг шүүх хуулийн үндэслэлтэй гэж хүлээж авч, дараагийн шүүх хуралдааныг 2024 оны арванхоёрдугаар сарын 04-ны 10:00 цагт товлосон байна. Энэ удаа "Ногоон автобусны" гэгдэх дуулиант хэргийн шүүх хурал гурав дахиа хойшиллоо.