“Говийн гайхамшигт амьтдын амьдрах орчин ба усан хангамж уулзалт хэлэлцүүлэг-2024” МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд (2024.10.27) болжээ. Говийн зэрлэг амьтад хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлтийн амьдрах орчны талаар эрдэмтэн судлаачид судалгаагаа танилцуулсан байна.
Мазаалайн тоо толгой хэт цөөн учраас байгальд өөрийн гүйцэтгэх үүрэггүй болсон байх магадлалтай гэж үзэж байжээ. Гэтэл мазаалай говийн баян бүрдүүдийг нөхөн сэргээдэг хармагийг ургуулдаг амьтан болохыг сүүлийн үеийн судалгаагаар нотлох болсон байна.
Байгальд унасан хармагийн үрийн ургах чадамж 10-15 хувьтай байдаг. Энэ ургамлыг мазаалай идээд ходоодоороо боловсруулаад гаргасан тохиолдолд 50 хувиас дээш ургах боломжтой. Тэгэхээр мазаалай амьдрах орчноо өөрөө бүтээдэг гэж “Говийн гайхамшигт амьтад” ТББ-ын тэргүүн Г.Довчиндорж тодотгожээ.
Алтайн өвөр говийн Тэнгэр уулын хаялга 3 том уулын бүсэд 51, 52 мазаалай байгааг үсний дээжээр нь ялгаж тогтоожээ. Мөн автомат камерын судалгаагаар 30 орчим мазаалайг өнгө зүс, цаг хугацааны давтамжаар нь хоорондоо ялгаатай гэдгийг тогтоогоод байгаа аж. Мазаалай, тахь хавтгай, бөхөн, хар сүүлт зэргийг голчилж ярьж байгаа нь бусад зэрлэг амьтдыг тоохгүй байгаадаа бус нарийн учир холбогдолтойг судлаачид тайлбарласан байна.
Өөрөөр хэлбэл, эдгээр амьтдаар шүхэр, түлхүүр болгож амьдрах орчныг нь хамгаалчихвал бусад нь дан болон давхар хамгаалагдах боломжтой учраас нэр бүхийг амьтдыг онцолдог байна. Байгальд амьдарч байгаа зэрлэг амьтад бүгд үнэ цэнтэй болохыг судлаачид онцолсон байна.