Сүхбаатар, 2024 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд үргэлжлэн орж буй аадар борооны улмаас гол мөрний ус үерийн түвшинд хүрээд байна.
Сэлэнгэ аймгийн нутгаар урсан өнгөрөх Ерөө голын усны түвшин Бугант тосгон орчим 366 см, Ерөө сум орчим 404 см, Дулаанхан тосгон орчим 385 см байна.
Мөн Хүдэр сумын нутгаар урсан өнгөрөх Хүдэр голын усны түвшин 282 см хүрч үерийн түвшнээс 16-47 см-ээр давж үерлэсэн байна.
Ойрын өдрүүдэд түр зуурын усархаг аадар бороо үргэлжлэн орж, голуудын усны түвшин цаашид ахин нэмэгдэх төлөвтэй байна.
Иймд Ерөө, Хүдэр, Орхон, Сэлэнгэ голуудын ай сав дагуу байрлалтай айл өрх, аялал зугаалгаар явж байгаа иргэд та бүхэн болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн УЦУОША-наас онцгойлон анхаарууллаа.