Даланзадгад, 2024 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Говийн заг бол илчлэг сайтай, эрчилсэн урт үндэстэй, олон жилийн настай мод юм.
Заг Монголын ойн нөөцийн багагүй хувийг эзэлдэг говь цөлийн бүсийн үндсэн модлог ургамал.
Заг ихтэй газар цагаан гоёо их ургадаг, 100 килограмм заг 80 килограмм чулуун нүүрстэй тэнцүү хэмжээний илчлэг ялгаруулдаг.
Говийнхон заг модыг “ургаа нүүрс” гэж нэрлэдэг. Сүүлийн жилүүдэд загийг түлшинд их хэмжээгээр ашигласнаар устах аюултай болж байна. Тиймээс Өмнөговь аймгийн БОАЖГ болон сум дундын ойн ангиас бодлогоор загийг үрслүүлэн тарих ажлыг эрчимжүүлж байгаа юм.
Заг нь элсний нүүдлийг барьж тогтоодог. Говь нутгийн хуурай ангамал цаг уурт зохицон хөрсөн доогуур хэдэн метрээр ч хамаагүй үндсээ сунгаж ус чийг хайн ургадаг гайхалтай мод билээ.
Үндэс нь 5 метр хүртэл гүнд, тал тал тийшээ 5-10 метр хүртэл салаалан тархан ургадаг учраас заг газар дээр бат бөх зогсож ямар ч хүчтэй салхийг сөрж, эрч хүчийг нь бууруулан элсний нүүдлийг тогтворжуулан барьдаг.
Өмнөговь аймгийн 11 сумын нутгаар буюу Зээмэгийн говь, Галба, Борзонгийн говь, Арц богдын өвөр хоолой, Хэрмэн цав, Баян заг зэрэг газарт 1.9 сая га талбайд заган ой тархан ургадаг.
Заг нь 50 см хүртэл бүдүүрч ургадаг, навчгүй учир говь цөлийн нөхцөлд ус чийгээ ууршуулж алддаггүй. Навчны үүргийг мөчир нь гүйцэтгэдэг, нимгэн цагаан хальсаар бүрмэл учраас заган шугуй мөнгөн ой мэт харагддаг.
Голдуу үрээрээ нөхөн төлжиж нэг модноос дунджаар 100 мянгаас дээш үр гардаг байна.
Загийн мөчир мөнх ногооноороо байдаг тул өнө мөнхийн амгаланг бэлгэдэж, гэртээ загийн үндсийг байлгавал гал голомтод гадны муу зүйл нүүрлэдэггүй, тахал гардаггүй, түймэр гардаггүй, аянга буудаггүй, галын бурхантай ярьдаг мод хэмээн үздэг.
Мөн хэдэн зууныг туулах урт настай ургамал болохоор олон жилийн нарны илчийг өөртөө шингээж байдаг болохоор говийн хүмүүс заг модоо газрын илч хэмээн хайрладаг.