Жил бүрийн гуравдугаар сард Дэлхийн байгаль хамгаалах сангаас санаачлан хэрэгжүүлдэг “Эх дэлхийн цаг”-ийн үйл ажиллагааны зорилго нь байгаль орчин хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, оролцоог идэвхжүүлэхэд оршдог. Эх дэлхийн цаг 60 минутыг илэрхийлсэн тоон таних тэмдэгтэй бөгөөд үүний гол санаа нь хүн бүр өдөр тутмын амьдралдаа эх дэлхийгээ хайрласан алхам хийнэ гэсэн хүмүүсийн эв нэгдлийн илэрхийлэл юм.
Энэ өдрийг дэлхийн 190 гаруй оронд тэмдэглэдэг юм. Энэ жилийн “Эх дэлхийн цаг”-ийн гол агуулга нь хүн бүр байгальдаа тустай ямар нэгэн эерэг үйлс хийж, эх дэлхийдээ амсхийх чөлөө өгөхийг уриалж байна.
Монголд “Эх дэлхийн цаг” үйл ажиллагааг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаа "Зориг" сангийн дэргэдэх Байгаль орчны манлайлагч хөтөлбөрийн залуустай хамтран ажиллаж байна.
Энэ жил эх дэлхийн цагийг “Говийн 6 гайхамшиг” санаачилгын хүрээнд зохион байгуулж байна. Говь нутгийн бэлгэ тэмдэг болсон амьтдын тухай танин мэдэхүйн мэдлэгийг иргэдэд хүргэхийг зорьж байгаагаа зохион байгуулагчид хэлжээ. Мөн булаг, шандны эхийг хамгаалах, ширгэсэн булгийг сэргээх ажлыг орон нутагт өрнүүлж байна.
“Эх дэлхийн цаг” арга хэмжээ Зайсан хилл цогцолборт энэ сарын 25-нд болно.
Энэ үеэр сонирхсон хүн бүр нээлттэй микрофоноор дамжуулан байгальдаа хийж байсан эерэг үйлдлээ хэлж хуваалцах боломжтой. Мөн хуучин хувцсыг шинэчилж урласан орчин үеийн хувцасны загварын үзүүлбэр болно.
Тухайлбал, хувцасны дахин ашиглалтыг урлалын түвшинд хүргэж, хуучин хувцсыг дахин загварчилж шинэ төрх бүтээх буюу “апсайкл” хэмээх ойлголтыг түгээж, хариуцлагатай хэрэглээ болон дахин боловсруулах ашиглахын ач холбогдлыг таниулж буй “Тойрог” брэнд, “Зүймэл даавуун урлалын төв”-ийн урлаачид шинэлэг, шилдэг бүтээлүүдээ дэлгэн сонирхуулна.