Монгол Улс, АНУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд 2013 оноос эхлэн монголоос гаралтай үлэг гүрвэлийн олдворыг Монгол Улсад буцаан төвлөрүүлэх ажил эхэлсэн.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн сарын 19-ний өдөр АНУ-д худалдагдах гэж байсан зургаан төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг Монгол Улсад буцаан авч ирсэн бөгөөд эдгээр олдворууд болон өнгөрсөн хугацаанд АНУ-аас хүлээн авсан олдворуудаас сорчлон танилцуулах “Welcome home” тусгай үзэсгэлэнг Байгалийн түүхийн музейд нээлээ.
Энэхүү үзэсгэлэнд монгол нутгаас олддог нэн ховор олдвор болох Тарвозавр Батаар, Овираптор, Протоцератопс, Завролофус, Орнитомимозавр Пситтакозавр, Пахицефолозавр, Анкилозавр зэрэг найман төрлийн үлэг гүрвэлийн 21 олдворын толгойн яс, хэлхээ яс, хурдсанд хадгалаатай яс, дунд чөмгийн яс, сээр нурууны яс гэсэн хэлбэрээр үзүүлж байна.
Үзэсгэлэн мөн Монгол Улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй бөгөөд цаашид Байгалийн түүхийн музей, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн судлаачид эдгээр олдворуудыг хамтран судлах, бэхжүүлэх, сэргээн засварлах, боловсруулах, сурталчлах ажлыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хүрээнд үе шаттайгаар зохион байгуулна.
Энэхүү үзэсгэлэн 3-р сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд Байгалийн түүхийн музейд зочлон Монгол Улсын хосгүй үнэт өвүүд болох үлэг гүрвэлийн олдворыг үзэж сонирхохыг урьж байна.
Эх сурвалж: Соёлын Яам
Сэтгэгдэл (2)