Японы олон улсын Ойска байгууллагатай хамтран Орхон аймагт 23,000 мод тарихаар болсныг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас мэдээллээ.
1961 онд байгуулагдсан тус байгууллага нь олон улсад байгаль экологийг хамгаалах, хүмүүнлэг, нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж.
Монгол Улсад хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Японы Ойска байгууллага ойжуулалтын чиглэлээр хамтран ажиллахаар эхний ээлжид 23,000 мод тарих ажлыг төлөвлөжээ.
Япон, Хятадын найрамдлын төвийн санхүүжилтээр Орхон аймгийн ЗДТГ-тай хамтран тус аймгийн Баян-Өндөр суманд 23,000 мод тарих ойжуулалтын ажлын нээлт энэ сарын 29-нд болно.
Цаашид байгаль орчныг нөхөн сэргээх, цөлжилтийг сааруулах ажлын хүрээнд монгол залуусыг сургах, хүний нөөцийн туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар хэлэлцэв.