Наймдугаар сарын 7-8-нд шилжих шөнө нийслэлийн Баянзүрх дүүрэгт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний дагуу Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв/ЗӨСҮТ/, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв/ХӨСҮТ/ хамтарсан үзлэг хийж, сорьцод лабораторийн шинжилгээ хийснээр наймдугаар сарын 8-ны 12:00 цагт уг иргэн тарваган тахлын гэдэсний хувилбараар өвчилсөн болохыг баталгаажуулжээ.
Тухайн тохиолдол орон нутгаас зөөвөрлөгдөж ирсэн бөгөөд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын анчнаас тарвага худалдан авч, Биндэр суманд хэсэг нөхдийн хамт хэрэглэхдээ халдвар авсан нь батлагдсан байна. Тарваган тахал өвчин хүнээс хүнд халдварладаг гоц халдварт өвчин тул нэгдүгээр хавьтлуудыг олж илрүүлээд шинжилгээ авч, эмчилгээнд хамруулжээ.
Улаанбаатарт уг тохиолдлын нэгдүгээр хавьтлын долоон хүн байна. Эдгээр хүмүүсийг тусгаарлан эмчилж, байсан газарт нь эцсийн халдваргүйжүүлэлтийг хийх, зөвлөмж өгөх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.
Мөн Хэнтий аймгийн ЗӨСТ Биндэр суманд байгаа нэгдүгээр хавьтлуудад үзлэг шинжилгээ, эмчилгээ хийх, тарвага худалдаж авсан газарт байгалийн голомтын тандалт судалгааг хийх, ард иргэдийг тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг эхлүүлжээ.
2023 онд Говь-Алтай аймгийн Бугат суманд зургаадугаар сарын 28-нд тарваган тахлын тохиолдол батлагдаж байсан бол наймдугаар сарын 8-нд Улаанбаатарт тарваган тахлын хоёр тохиолдол батлагдсан байна.
Тарвага агнах, эд эрхтнийг түүхийгээр нь залгих зан үйл иргэдийн дунд байсаар байгаа тул үүнээс татгалзаж, тарваган тахлын өвчнөөс урьдчилан сэргийлэхийг уриалж байна. Одоогийн байдлаар Монгол орны 17 аймгийн 81 сумд тарваган тахлын голомт идэвхтэй байгааг ЗӨСҮТ-өөс анхааруулав.