Зургадугаар сарын 18-ны амралтын өдөр Богдхан ууланд буга нутагшуулах ажлыг Хамгаалалтын захиргаа, "Мөнгөн эгшиг" ХХК амжилттай зохион байгууллаа.
Өнгөрсөн 2022 оны арваннэгдүгээр сард Өвөрхангай аймгаас авчирсан "Борхүү" нэртэй бугыг Хустайн байгалийн цогцолборт газраас авчирсан 2-3 насны дөрвөн бугын хамт Богдхан ууланд нутагшуулан тавилаа.
Дашрамд, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчин Д.Буянтогтохын гэр бүл 2020 оны тавдугаар сард осгосон бугын элийг тэжээн өсгөж, Борхүү хэмээн нэрлэжээ.
Амьтны үр төл гурван нас хүрэхэд өөрийгөө зэрлэг амьтан болон хүний хөл хөдөлгөөнөөс хамгаалах идэш тэжээлээ олж идэх чадвар тогтдог гэж үздэг байна. Тиймээс өнгөрсөн жил гурван нас хүрсэн Борхүүг мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдөн Богдхан ууланд тавих шийдвэрийг Д.Буянтогтохын гэр бүлийнхэн гаргаж байсан юм.