Монгол улсаас ОХУ-ад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Давааг энэ сарын 15-ны өдөр ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов хүлээн авч уулзжээ.
Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны зарим асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ жил хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргасан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ” хүчин төгөлдөр болсоныг онцоллоо.
Мөн энэ онд дэлхий дахинд цар тахлын дэгдэлт намжихгүй байгаа амаргүй энэ нөхцөлд Монгол Улсын Гадаад харилцааны сайдын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалыг амжилттай зохион байгуулж, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажилласныг дурьдаж ОХУ, БНХАУ-ыг холбох байгалийн хийн хоолойн төсөл бодитоор урагшилж байгааг сайшаан тэмдэглэв.
Түүнчлэн 2021 онд тохиох Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд хоёр талын өндөр түвшний харилцан айлчлал, хамтарсан олон арга хэмжээг зохион байгуулах, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт шинэ агуулгаар баяжуулах бодит арга хэмжээнд онцгой ач холбогдол өгч цаашид илүү анхаарч ажиллахаар санал нэгдэв.