Коронавирусийн халдвартай, биеийн байдал нь хүндэрсэн хүний эмчилгээнд дексаметазоныг хэрэглэхэд үр дүнтэй байгааг судлаачид тогтоожээ.
Цар тахал анх дэгдэж эхэлсэн цагаас энэхүү эмийг хэрэглэж байсан бол Их Британи улсад 5000 хүртэл хүний амийг аврах боломжтой байжээ
Тодруулбал, Их Британийн Оксфордын их сургуулийн судлаачид үе мөчний өвчин, уугшины багтраа, арьсны зарим эмгэгүүдэд хэрэглэдэг үрэвслийн эсрэг дааврын бэлдмэл болох дексаметазоныг хүндэрсэн хүмүүст хэрэглэхэд нас баралтыг бууруулж байна хэмээн дүгнэжээ.
Судалгааг хийхэд дексаметазоныг хэрэглэсэн 2000 өвчтөн ба хэрэглээгүй 4000 өвчтөний биеийн байдлыг харьцуулахад нь амьсгалын аппараттай, биеийн байдал маш хүнд өвчтөний нас барах эрсдэлийг 40-28 хувь болгож, хүчилтөрөгч шаардлагатай өвчтөний нас барах эрсдэлийг 25-20 хувь болгож тус тус бууруулжээ. Өөрөөр хэлбэл амьсгалын аппараттай 8 өвчтөний нэгийг аврах боломжтой бол хүчилтөрөгчийн хангамж шаардлагатай 25 хүн тус бүрийн нэгийг аврах боломжтой гэв.
Цар тахал анх дэгдэж эхэлсэн цагаас энэхүү эмийг хэрэглэж байсан бол зөвхөн Их Британи улсад гэхэд 5000 хүртэлх хүний амийг аврах боломжтой байсан байна гэж судлаачид дүгнэжээ.