“МИАТ” ХК-ийн Гавьяат нисгэгч, Агаарын хөлгийн дарга Г.Мөнх-Очир, “Боинг -767” агаарын хөлгийн 2 дугаар нисгэгч Б.Булган, “Боинг- 737” агаарын хөлгийн 2 дугаар нисгэгч О.Тулга, Агаарын хөлгийн ахлагч, үйлчлэгч Б.Сэндэр нарыг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян хүлээн авч уулзав.
Дэлхий нийтийг түгшээж, олон мянган хүний амь насыг авч одсон шинэ коронавирусийн халдвараас хүн ардаа хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос шаардлагатай бүхий арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байна.
Түүнчлэн эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын алба хаагчид төр засгаас авч хэрэгжүүлж буй шийдвэрийг хэрэгжүүлэх, хууль, дүрмийг сахиулахаар цаг, наргүй ажиллаж байна.
Тэгвэл коронавируст халдварыг эх орондоо оруулалгүй өнөөдрийг хүртэл тогтоон барьж, монголчуудын амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахад хүчин зүтгэж халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж буй мэргэжлийн байгууллагын ажилтан, алба хаагчдад зориулан “МИАТ” ХК-ийн Агаарын хөлгийн нисгэгч, үйлчлэгч нарын хандиваас цугларсан 10 сая төгрөг, 1000 ширхэг амны хаалт, 300 ширхэг бээлийг Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.
Г.Ариунбуян: "МИАТ ХК-ийн ажилтан алба хаагчдаар монголын ард түмэн бахархаж байгаа. Та бүхэн БНХАУ-д тархсан шинэ коронавирусын голомт болох Ухань хотод хөл хорионд орсон 31 монгол оюутныг эх орондоо авчрах ажлыг шуурхай зохион байгуулсан. Өнөөдөр ажилтан, алба хаагчдынхаа дунд сайн санааны санал, санаачлага өрнүүлж, хандив, туслалцаа үзүүлэн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд дэмжлэг үзүүлж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг манлайлан хандив тусламж үзүүлж байгаад баяртай байна.
Бид та бүхний энэхүү сэтгэлийн хандивыг эрсдэлтэй бүсэд ажиллаж буй мэргэжлийн байгууллагуудын ажилтан, алба хаагчдад тэгш, хуваарьтай хүргэж, ариутгал, халдваргүйжүүлэлт, хувийн хамгаалах хэрэгсэл зэрэг шаардлагатай зүйлд зарцуулах болно. Мөнгөн цагаан хөлгийн эзэд та бүхэнд баярлалаа" гэлээ.