АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Парис хотноо дэлхийн улс орнуудын удирдагчидтай уулзсаныхаа дараа Украинд нэн даруй гал зогсоохыг ням гаригт уриалжээ.
“Нэн даруй гал зогсоож, хэлэлцээг эхлүүлэх ёстой” гэж Д.Трамп нийгмийн сүлжээний хуудсандаа бичээд, Орос, Украины дайныг “хэзээ ч эхлэх ёсгүй байсан, үүрд үргэлжилж болзошгүй дайн” хэмээн тодорхойлсон байна.
Дональд Трамп бямба гаригт Эх дагинын сүмийн нээлтэд оролцохоор Парист хүрэлцэн ирсэн бөгөөд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон зэрэг дэлхийн удирдагчидтай уулзсан. Энэ нь Трамп 11 дүгээр сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялснаасаа хойш Украины Ерөнхийлөгчтэй анх удаа биечлэн хийсэн уулзалт болов.
Трамп Цагаан ордонд буцаж ирсэн даруйдаа Орос, Украины дайныг зогсооно гэж удаа дараа амлаж, хэрэв өөрийг нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин руу довтлох шийдвэрийг хэзээ ч гаргахгүй байсан гэж мэдэгджээ. Дайныг хэрхэн дуусгах талаараа тодорхой мэдээлэл өгөхгүй байсаар ирсэн Трамп ням гаригт “Би Владимирыг сайн мэднэ, түүний хөдөлж эхлэх цаг нь болсон” гэсэн байна.
Зеленскийн хувьд Д.Трамптай “сайхан уулзалт хийсэн” гээд, “Оросуудын өнгөрсөн хугацаанд удаа дараа үйлдсэн шиг хэдхэн жилийн дараа нурааж чадахааргүй шударга бөгөөд бат бөх энх тайван Украинд хэрэгтэй байна” гэв.
Украины Ерөнхийлөгч нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ, “хуудас цаас, хэдэн гарын үсэг зурснаар дайн дуусахгүй” гэж хэлээд, баталгаа өгөөгүй гал зогсоох хэлэлцээрийг хэзээ ч нурааж болно гэдгийг дурджээ. Мөн тэрбээр “Путинийг зогсооход тусална гэдэгт бид Америк болон дэлхий дахинд найдаж байна. Түүний айдаг зүйлс бол бол Америк ба дэлхийн эв нэгдэл юм” гэжээ.
АНУ-аас Украинд 988 сая ам.долларын өртөг бүхий цэргийн тусламж үзүүлэхээр болсныг бямба гаригт зарласан. Нисгэгчгүй онгоц, HIMARS тийрэлтэт системд зориулсан сум хэрэгслүүд, их бууны систем, танк, хуягт тээврийн хэрэгслийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл багтсан гэж Пентагон мэдэгджээ.