ГЕГ-ын дарга Б.Асралтын урилгаар БНСУ-ын Гаалийн албаны дарга Ким Ёонг Мүүн Улаанбаатар хотод айлчилж байгаа билээ. Хоёр орны гаалийн байгууллагын дарга нарын есдүгээр уулзалт өнөөдөр болж байна.
Уулзалтын үеэр БНСУ-ын Гаалийн байгууллагаас Монголын Гаалийн байгууллагад үзүүлж буй “Гаалийн шинэчлэлийн үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээ үзүүлэх” төсөл, түүний үр дүн, төслийн дараагийн шатанд хэрхэн хамран ажиллах талаар талууд санал солилцож цаашид хууль сахиулах чиглэлээр хамтран ажиллах, хамтарсан ажиллагаа зохион байгуулах, туршлага солилцох талаар ажил хэрэгч яриа хэлэлцээг өрнүүлж хамтран ажиллахаар болсон байна.
Энэ удаагийн уулзалтаар ГЕГ-ын дарга Б.Асралт, БНСУ-ын Гаалийн албаны дарга Ким Ёонг Мүүн нар “Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж хөтөлбөрийг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр” болон хоёр орны гаалийн байгууллагын дарга нарын есдүгээр уулзалтын Протоколд гарын үсэг зурсан аж.
“Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрийг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр” байгуулахаар 2015 оноос тохиролцож, хамтран ажилласны үр дүнд нэгдсэн шийдэлд хүрч гарын үсэг зурж батлагдсанаар хоёр талын Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжүүд уг хөтөлбөрт хамрагдах боломж бүрдэж байгаа юм.
Мөн хоёр орны хооронд хийгдэж буй гадаад худалдааны ачилтын мэдээллийг урьдчилан солилцох, БНСУ-ын гаалийн байгууллагын цахим худалдаанд хяналт тавих, гаалийн лабораторийн тоног төхөөрөмж, програм хангамж, гаалийн лабораторийн шинжилгээнд эрсдэл тооцож хамруулах технологи, арга барилаас суралцаж хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцсон байна.
Хоёр орны гадаад худалдааны бараа эргэлт сүүлийн 15 жилийн байдлаар 4 тэрбум ам.долларт хүрчээ.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар