Монголын ард түмний сод хүү, нэрт улс төрч, ардчилсан хувьсгалын алтан хараацай, Монголын дээд боловсролын салбарын томоохон зүтгэлтнүүдийн нэг, Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
Эл өдрийн хүрээнд уламжлал ёсоор С.Зориг агсны гэр бүл, найз нөхөд, хамтран зүтгэгчид нь болон “Зориг” сангийнхан түүний дурсгалыг хүндэтгэж, төв шуудангийн өмнөх талбайд байрлах хөшөөнд нь хүндэтгэл үзүүлдэг уламжлалын дагуу цэцэг өргөнө.
Тэрбээр 1998 оны аравдугаар сарын 2-нд таалал төгссөн. С.Зориг агсныг жилд хоёр удаа дурсан санаж хүндэтгэл үзүүлдэг юм. Түүний бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан өдөр буюу аравдугаар сарын 02-нд гашуудан дурсдаг бол, мэлмий гийсэн өдрийг нь дурсаж, хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэдэг уламжлалтай билээ. Тэрээр амьд сэрүүн байсан бол 56 нас хүрэх байжээ.
Дашрамд сануулахад, С.Зориг агсны хэргийг илрүүлнэ гэж улс төрийн хүчнүүд мөрийн хөтөлбөртөө хүртэл тусган шоу хийж байсан ч захиалгат гэгддэг энэхүү хэрэг өнөөг хүртэл тодорхой ахиц гараагүй байна. 2016 оны 12 дугаар сарын 27 -д 0461-р ангид анхан шатны хаалттай явагдсан шүүхээс Орхон аймгийн харъяат 3 иргэнд захиалгаар, хүний амь нас санаатай хөнөөсөн хэмээн 24-25 жилийн ял ноогдуулсан. Гэвч энэ шүүхийн шийдвэрт ард түмэн итгэхгүй байгаа бөгөөд захиалагч нь одоог хүртэл илрээгүй байна. Олон улсын парламентын холбооны Ассамблейн 138 дугаар чуулганаар Монгол Улсын төр нийгмийн зүтгэлсэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг улс төрийн наймааны хэрэгсэл болгосоор байна гэж дүгнэсэн юм. Мөн түүний эхнэр Б.Булганыг хоёр хоногийн өмнө ахин яллагдагчаар татаад байна.
Түүний хэлсэн үгнээс:
-Би монгол хүний саруул ухаанд итгэдэг.
-Бидний хувь заяа бидний гарт л байна.
-Монгол хүн гэдэг өөрөө асар их эрдмийн уурхай гэх үгнүүд нь мөнхөд ард түмний сэтгэлд хадагдан үлдэнэ.
Сэтгэгдэл (2)