Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр 11:00 цагт эхэллээ.
Шүүх хуралдаанд хохирогчийн ар гэр болон өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч ирсэн бөгөөд гэрчээр ЗТХЯ-ны дэд сайд асан Б.Цогтгэрэл оролцохоор иржээ. Шүүх хуралдааныг хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй эхлүүлсэн ч асуулт, хариулт, хэлэлцүүлгийн явцыг хаалттай үргэлжиллээ.
Б.Махбал нь тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэрэгт холбогдуулан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа.
Мөн гэм буруугийн шүүх хуралд ЗТХ-ийн дэд сайд асан Б.Цогтгэрэл оролцох хүсэлтэй байгаагаа сошиалд илэрхийлсэн. Тэрбээр "Даваа гарагт шүүх хурал болно. Би очно. Ердийн нэг харилцан зодоон болгоод хаах гэсэн нөхдийн багийг нь хуулцгаая" хэмээн жиргэжээ.