Урьдчилан хорих 461-р ангид саатуулагдаад суллагдаж гарч ирсэн ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон өнөөдөр 17 цагт тус банкны төв салбарын байрандаа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон:
-Өнгөрсөн өдрүүдэд болсон сэтгэл сэртхийм аймшигтай үйл явдлын талаар мэдээлэл өгөх нь зөв байх гэж бодож байна. Энэ бол улс төрийн зорилготой, албан тушаал, эд хөрөнгийн дахин хуваарилалтын дор болсон явдал.
Өмнө нь Эрдэнэтийн 49 хувийн асуудалтай холбоотойгоор өнгөрсөн онд нэг удаа дуудаж мэдүүлэг авсан. Өчигдөр гэрээсээ ажил руугаа явж байхад хууль бус баривчилгаа болсон. Ингэхийн тулд хуулийн дагуу боломж байсан ч нэгийг нь ч ашиглалгүйгээр цагдаагийн тусгай хүчнийг ашиглаж онц ноцтой гэмт хэрэгтэн баривчилж байгаа мэтээр баривчилсан. Ингэхдээ миний асуултад огт хариулалгүй авч явсан.
Урд өдөр нь Л.Оюун-Эрдэнэ сайд Ц.Пүрэвтүвшин, О.Орхон мэтийг залуусыг шоронд хоригдох болсонд харамсаж байна гэсэн. Цагдаагийн байгууллага биднээс зөвхөн гэрчийн мэдүүлэг авсан. Монголын нийгэмд болж байгаа бүх зүйлийн цаана нэг банк, нэг хүн байгаа мэтээр зохион байгуулалттайгаар мэдээлэл цацаж байгаа. Гомдол гаргаснаар өчигдөр суллагдсан.
Л.Оюун-Эрдэнэ сайдын ил болгосон зүйл бол саяхан ил болсон зүйл биш. Тэр схем бол Эрдэнэтийн 49 хувийг худалдан авах ажиллагааг шалгах ажлын хэсгийн гаргасан схем. Схемд хууль, шүүхийн байгууллагаар нотлогдоогүй, худал зүйл олон бий. Энэ дээр харилцагчийн нууцтай холбоотой олон нууц байгаа. Схемд ашигласан материалууд бол хууль шүүхийн байгууллагуудын олж авсан зүйл.
Харилцагч нартаа хандаж хэлэхэд өнгөрсөн өдрүүдэд хүлээцтэй хандаж, дэмжлэг туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлмээр байна. Банкны өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн, сайн явагдаж байгаа. Өнөөдөр банкныхаа тайлантай танилцсан. Манай татан төвлөрүүлсэн хөрөнгө нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Хүний эрх, компанийн эрх зөрчилдсөн хууль бус ажиллагаа явагдсанд харамсаж байна. Энэ асуудал нь банкны болон хувь хүний нэр төрд ноцтой халдсан явдал юм. Энэ бол бидэнд том цохилт болсон. Нэр хүндийн болон бизнесийн эрсдлийг банканд маань учруулсан явдал болсон" гэлээ.
ХХБ-ны ТУЗ-ийн Гүйцэтгэх дэд дарга Р.Коппа:
-“Эрдэнэт--ийн худалдан авалтын механизын талаар мэдээлэл хүргэе. Олон улсад үүнийг зээлээр худалдан авах процесс гэдэг. Энэхүү санхүүжилтийн механизм нь АНУ-д түгээмэл ашиглагддаг. Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголын өмч болж байгаа нь чухал. Би гадны хүн учраас улс төртэй холбоотой асуудлаар коммент өгмөөргүй байна. Гадны хөрөнгө оруулагчид Монголд болж байгаа үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаа" гэв.
Сэтгэгдэл (1)