"Хэвтүүл" хөдөлгөөнөөс өнөөдөр ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудтай хариуцлага тооцохыг шаардан бүх нийтийн жагсаал зохион байгууллаа. Тэд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, 60 тэрбумын хэрэг, концесс тендерийн хэрэгтэй холбоотой албан тушаалтнуудыг хуулийн өмнө аваачиж, хариуцлага хүлээлгэхийг шаардан Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийлээ.
Жагсаалын үеэр цагдаагийн алба хаагчид хамгаалалтад гарч, хотын төв талбайн төмөр хашлагаар хашаад жагсаалд оролцогчдын цүнх болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж байв.
Жагсаалыг зохион байгуулсан “Хэвтүүл” хөдөлгөөний тэргүүн Э.Тамир:
-ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудыг хуулийн өмнө хэвтүүлэх ёстой гэсэн бодол дээр нэгдсэн хүмүүс цугласан гэж бодож байна. Дэмжиж ирсэн хүмүүс ч олон байна. Бид зохион байгуулалтайгаар хүмүүс цуглуулаагүй учраас хэдэн хүн ирэхийг хэлж мэдэхгүй байна. Одоогийн байдлаар 400 гаруй хүн ирсэн байна. Бид мөнгөний цуглаан хийгээгүй. Сэтгэл санаагаар дэмжиж үнэт зүйлээ хамгаалах гэсэн ард иргэдийн цуглаан болж байна. Энэ жагсаал бидний тавьж буй шаардлага үр дүнд хүрэх хүртэл, ЖДҮ-чид хариуцлагаа хүлээх тэр цаг иртэл бямба гариг үргэлжилнэ.
Хэвтүүл хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн Б.Ган-Эрдэнэ:
-Эрх баригчдын зүгээс ЖДҮХС-аас зээл авсан улстөрчидтэй хариуцлага тооцох нь бүү хэл, хаацайлж, өмгөөлсөөр өдий хүрлээ. ЖДҮХС-нд хамрагдахаар төсөл нь шалгарсан 360 гаруй аж ахуй нэгжид санхүүжилт байхгүй гээд зээл өгөөгүй атлаа Засгийн Газар болон УИХ-ын гишүүд өөрсдийнхөө хамаарал бүхий 120 аж ахуй нэгжид мөнгө шилжүүлэн авсан. Энэ бол санхүүгийн луйвар. Найман жил хүртэл хорих ялтай албан тушаалын гэмт хэрэг. Хамгийн аюултай нь эртнээс хууль дүрмийг нь өөрчилж зохин байгуулалттайгаар олноороо сүрэглэн оролцож түүн дотор нь намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, ерөнхий аудитор Монгол Улсын прокурор зэрэг оролцсон. Энэ байдлыг энэ хэвээр нь үлдээж болохгүй. Зээл авсан 20 гаруй гишүүн саналаараа огцрох ёстой гэв.
МҮХАҮТ-ын гаргасан судалгаагаар ЖДҮХС-гаас зээл авахын тулд иргэд, аж ахуй нэгжүүд төрийн есөн байгууллагаар орж, 30 төрлийн бичиг баримтыг бүрдүүлж, нийт 36 шат дамжлага туул санд төслөө өгдөг байна. ЖДҮ эрхлэгч нэг иргэн, аж ахуй нэгж 200.000-1.500.000 төгрөг зарцуулж 33 хоногийн хугацаа зарцуулдаг аж. Харин ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудын хувьд хэр амархан байсан бэ гэдгийг бид мэднэ.
ЖДҮ-чдийг эсэргүүцсэн эхний өдрийн жагсаал өнөөдөр өглөө 10.00 цагт эхэлсэн бол дараа дараачийн жагсаалуудыг бямба гариг бүрийн 11.40 минут буюу морин цагт эхлүүлэх юм байна.