НИТХ-ын Тэргүүлэгчид энэ сарын 21-ны хуралдаж, хуралдаанаар НИТХ-ын ээлжит бус хуралдааныг товлож Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилохоор болсон билээ.
Сануулахад, Өнгөрсөн 12 дугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналын дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, ажлаа өгсөн. Харин нэгдүгээр сарын 16-нд НИТХ зургаадугаар хуралдаанаа хийж, хотын даргаар С.Мөнхчулууныг сонгосон. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг хотын даргаар батламжлахаас татгалзсан.
Харин С.Мөнхчулуун Ерөнхий сайдын энэ шийдвэрийг эсэргүүцэж "Дахин нэрээ дэвшүүлж өрсөлдөнө" гэдгээ мэдэгдээд байгаа. Хотын даргын өрсөлдөөнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, тэргүүлэгч С.Мөнхчулуун нар дахин өрсөлдөх ба НИТХ-ын дарга С.Амарсайханыг МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр нэр дэвшүүлж буй бол С.Мөнхчулуун бие даагчийн хувиар заалнаас нэр дэвшиж өрсөлдөх юм.
НИТХ-ын Тэргүүлэгчид НИТХ-ын ээлжит бус долдугаар хуралдаан өнөөдөр 11.00 цагт болно.