Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаас “Хөгжлийн банкинд Засгийн газрын шалгалт оруулах тухай” 76 тоот тогтоолыг баталж, ажлын хэсгийн ахлагчаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг томилжээ.
ЗГХЭГ, ХЗДХЯ, Сангийн яам, Монголбанкны хамтарсан бүрэлдэхүүнтэй уг ажлын хэсэг нь
- Хөгжлийн банкны үйл ажиллагаа хуулиар тогтоосон үндсэн зорилго болон зарчимд нийцэж байгаа эсэх,
-Тус банкинд татан төвлөрүүлсэн бонд, тэр дундаа Чингис, Самуурай бондын эргэн төлөлтийн байдал,
-Төсөл хөтөлбөрийн сонгон шалгаруулалт, санхүүжилт, зээлийн эргэн төлөлт,
- Хөгжлийн Банкны засаглалын бүтэц, зохион байгуулалт,
-Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт гэх мэт олон чиглэлээр 30 хоногийн хугацаатай шалгалт явуулах юм байна.
Шалгалтын эхний 14 хоногт багтаан эхний үр дүнгээ танилцуулах үүргийг Засгийн газар ажлын хэсэгт өгсөн байна. Өмнө нь Монголбанкнаас Хөгжлийн банкийг шалгахаар ажлын хэсэг томилсон боловч тухайн үед Хөгжлийн банкны удирдлагууд шаардлагатай баримтуудыг гаргаж өгөөгүйгээс энэ удаа Засгийн газар комисс томилон шалгахаар болсон тухай Л.Оюун-Эрдэнэ сайд танилцуулав.