МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр орой хуралдаж, Хяналтын ерөнхий хорооноос НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нарыг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна.
Тус намын дүрэмд зааснаар “Намын эв нэгдлийг хамгаалах, намын эрх ашигт үл нийцэх улс төрийн үйл ажиллагааг шүүмжлэн няцаах үүргээ биелүүлээгүй гэж үзсэн бол гишүүнд улс төрийн дараах дэмжлэг үзүүлэхээс тодорхой хугацаагаар татгалзана" хэмээн заасан байдаг аж.
Нийслэлийн ИТХ-ын санал хураалтаар олонхийн санал авсан С.Мөнхчулууныг Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх томилохоос татгалзаж байгаагаа мэдэгдсэнийг эсэргүүцэж тэрээр дахин нэр дэвшихээ мэдэгдсэн билээ. Үүний улмаас түүнийг "Намын эсрэг үйл ажиллагаа явуулсан" гэж үзсэн байна.
Оны өмнө Нийслэлийн МАН-аас НИТХ-ын дарга С.Амарсайханыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх шийдвэр гаргаж, МАН-ын Удирдах зөвлөл 100 хувийн саналаар дэмжсэний дараа С.Амарсайханыг Нийслэлийн Засаг даргад томилох НИТХ-ын ээлжит бус хуралдаан дээр С.Мөнхчулуун нь өөрийгөө заалнаас нэр дэвшүүлэн олонхийн санал авсан юм. НИТХ-аас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар түүнийг батламжлуулахаар Ерөнхий сайдад нэрийг нь хүргүүлснаас хойш хоёр сар гаруйн дараа буюу өнгөрөгч баасан гаригт Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг Нийслэлийн Засаг даргад батламжлахас татгалзсан билээ.
Харин С.Мөнхчулууныг намын гишүүнээс түр хугацаагаар түдгэлдзүүлэх үү, бүрмөсөн хасах уу гэдгийг өнөөдөр албан ёсоор мэдэгдэх тухай албаны эх сурвалж хэлжээ.
Сэтгэгдэл (1)