Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар томилохоос татгалзжээ. Тэрбээр энэ тухай албан бичгийг өчигдөр НИТХ-ын дарга С.Амарсайханд хүргүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл, НИТХ-ээс хамгийн олон санал авсан С.Мөнхчулууныг Хотын даргаар батламжлах боломжгүй гэдгээ илэрхийлжээ. Тиймээс одоо НИТХ болон МАН-ын Удирдах зөвлөл дахин хуралдаж, шинээр Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах юм. Одоо шинээр сонгогдсон нэр дэвшигчийг Ерөнхий сайд тав хоногийн дотор батламжлах хуулийн хугацаа үлдлээ.
Сануулахад, Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар Хотын даргыг томилох асуудлыг хэлэлцэж, санал хураахад С.Мөнхчулуун нь заалнаас нэр дэвшин, С.Амарсайхантай өрсөлдсөн юм. Санал хураалт эхний удаад тэнцсэн бол дахин санал хураалтад 43 төлөөлөгч оролцсоноос 55.8 хувийн саналаар С.Мөнхчулууныг Улаанбаатар хотын захирагчаар сонгосон билээ. С.Мөнхчулууныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт нэгдүгээр сарын 23-ны өдөр Хотын даргаар батламжлуулах хүсэлтээ албан ёсоор хүргүүлээд байсан юм. Ийнхүү нэг сар орчим хугацааны дараа Ерөнхий сайд түүнийг Хотын даргаар томилохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
Сэтгэгдэл (3)