УИХ-ын Төсвийн Зарлагын Хяналтын Дэд хорооны дарга З.Нарантуяа Монгол дахь Конрад Аденауэр сан /КАС/-ийн суурин төлөөлөгч Йоханн К.Фурманныг хүлээн авч уулзаж, тус сантай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв.
УИХ-ын ирэх хаврын чуулганаар Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцэхээр төлөвлөж буй юм. Тиймээс тус хуулиудыг батлах, хэрэгжүүлэхэд зарцуулах төсвийн зарцуулалт, үр ашигт хяналт тавих механизмыг бүрдүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Иймд төсвийн удирдлага, үр ашигт, ил тод байдалд улс төрийн нөлөөллийн үнэлгээний судалгааны ажлыг хийхэд хамтран ажиллахыг хүссэн юм. Мөн иргэдэд Үндсэн хуульд тусгагдсан ардчиллын суурь зарчмууд болох хүний эрх, өмчийн харилцаа, хуулийн засаглал, зах зээлийн нийгмийн чөлөөт өрсөлдөөний талаарх ойлголтуудыг өргөн хүрээнд таниулах шаардлагатай байгаа учраас КАС-г энэ чиглэлээр сургалт, арга хэмжээ зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Уулзалтын төгсгөлд, Конрад-Аденауэр сангийн Суурин төлөөлөгч Йоханн Фурманн судалгааны ажлыг гүйцэтгэх, ардчиллын үнэт зарчмыг иргэдэд таниулахад хамтарч ажиллана гэдгээ илэрхийлэв.