Төрийн албаны зөвлөлөөс 2018 оныг “Хуулийн хэрэгжилт, хариуцлага, үр дүнгийн жил” болгон зарласантай холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд төв, орон нутгийн төрийн байгууллагын удирдах ажилтны томилгоонд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Энэхүү зорилтот ажлын хүрээнд Баян-Өлгий аймагт болсон удирдах ажилтны томилгоо, сонгон шалгаруулалтад хийсэн хяналт шалгалтын дүнг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд зөрчлийг арилгах талаар томилох эрх бүхий албан тушаалтан аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нарт хугацаатай үүрэг өгчээ.
Хугацаатай үүргийн дагуу тус аймгийн Засаг дарга аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс зэрэг хэд хэдэн байгууллагын удирдах албан тушаалд хууль зөрчиж томилсон, мөн сонгон шалгаруулалтад тэнцээгүй удирдах албан тушаалтныг чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчдийг хуульд нийцүүлэн томилсон шийдвэр гаргажээ.
Мөн хууль бус томилгоотой байсан албан тушаалтны ажлын байрыг нийтэд, нээлттэй зарлаж, сонгон шалгаруулалт явуулах захиалгаа Төрийн албаны зөвлөлд ирүүлсэн байна.
Эх сурвалж: CSC.GOV.MN