Анх байгуулагдахдаа У.Хүрэлсүхийн Засгийн газар “Ард”-ын хэмээх тодотголтой байв. Харин өнөөдөр “ЖДҮ”-чдийн болж хувирсан. Тэрбээр Ерөнхий сайдын суудлыг засч өгөх кноп дарсан УИХ-ын гишүүдэд ЖДҮХС-гийн хөрөнгийг нэгэн жигд хуваарилж тус бүр 950 сая төгрөгийн зээл олгосон нь өнөөдөр тодорхой болоод буй билээ. Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр “МАН-ын намын Бага хурал дээр ЖДҮ бол гэмт хэрэг” гэж хэлснийхээ төлөө албан тушаалаа өгсөн. Түүний энэ үгийг Ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын чуулганы танхимд батлан хэлсэн. Тэгэхээр хуулийнхан УИХ-ын гишүүдийн энэ үйлдлийг гэмт хэрэг мөн гээд байхад яагаад тангараг өргөсөн УИХ-ын гишүүд, намын нөхөд нь “Гэмт хэрэг биш ээ” хэмээн “ЖДҮ”-чдийг хаацайлж ард түмэн рүүгээ нулимж байна вэ. Ингээд энэ удаа УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын баримтыг дэлгэж байна.
Баримт-1
“ЖДҮ”-чдийн хэрэг сөхөгдөн ундарч байх үед сэтгүүлчдэд мэдээлэл хийж өөрийгөө хэрхэн өмөөрч байсныг дор сийрүүлье. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан гэдэг мэдээлэл гарч эхлэх үед “Би болон надтай хамааралтай хэн ч ЖДҮ-ийн зээл аваагүйг хариуцлагатайгаар мэдэгдье. Энэ амралтын өдрүүдэд сошиалиар, ялангуяа фэйсбүүкээр бусдыг гүтгэсэн шинжтэй мэдээллүүд зохион байгуулалттайгаар цацагдаж байна. Өөрөөр хэлбэл "Намайг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 950 сая төгрөг авсан. Түүнийгээ төл" гэсэн постууд явж байна. Үүнтэй холбоотойгоор би өнөө өглөө зориуд мэдээлэл хийж байна.
Миний бие болон гэр бүл, надтай хамаарал бүхий этгээдүүд тус сангаас зээл аваагүйг хариуцлагатайгаар мэдэгдье. Намайг авсан зээлээ төл гэсэн шаардлагыг "Оффшорын эсрэг авлигатай тэмцэх бүлгэм" гэдэг фэйсбүүк хуудаснаас тараасан. Би маргааш буюу ажлын өдөр тагнуул, цагдаагийн байгууллагад энэ фэйсбүүк хуудсуудын байршлыг тогтоож, гүтгэлгийн залруулгыг хийх шаардлага бүхий албан бичгийг өгнө” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар тагнуул, цагдаагийн байгууллагад хандаж нэр төрөө сэргээсэн эсэх нь тодорхойгүй байна. Шударга хэмээн цоллуулах дуртай Х.Нямбаатарт УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзаж шалгуулах “Эр зориг” байгаа болов уу.
Баримт-2
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар шударга хүн мөн үү гэх асуултад дараах баримт хариулт өгөх байх. Х.Нямбаатар өөрийн хамаарал бүхий “Өгөөдэйн Ази” ХХК-иараа дамжуулан ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авчээ. Баримтаас харахад тэрбээр 2018 оны зургадугаар сарын 07-ны өдөр тус компанийг зээл авахад итгэмжлэл үзүүлэх бичигт гарын үсэг зурсан байгаа юм. Гэвч энэ талаар өнөөг хүртэл ямар нэг тайлбар хийгээгүй байна.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ЖДҮХС-нд “Өгөөдэй Ази” компанийн зээлийн баталгааг хангуулахын тулд “ХУД-ийн “Оддын хотхон” дахь дөрвөн өрөө 126 ам.метр орон сууцаа барьцаалуулжээ. Ингэхдээ Х.Нямбаатар гишүүн ганцаараа ч биш, “Хамаг Монгол групп” ХХК-ийг хамтран байгуулсан түүний дүү Х.Нямаа (Арилдий овогт Хишгээгийн Нямаа ЦА8501****), Х.Нямбаатарын эхнэр И.Баярмаагийн төрсөн дүү И.Баярбат нар (Чонот овгийн Ишбалдангийн Баярбат РД:ЧА8210****) нар үлдсэн барьцааг гаргажээ. Үүнээс үзвэл “Өгөөдэй Ази” компанийн авсан зээл Х.Нямбаатар гишүүнийх байх магадлалтай юм. Яг мөн, бишийг нь хуулийн байгууллага шалгаж тогтоох биз.
Баримт-3
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “ЖДҮ”-чнээс гадна “Тендерчин” бололтой. ЖДҮХС-гаас зээл авсан “Өгөөдэйн Ази” ХХК нь Х.Нямбаатартай тун ойр дотно ажилладаг төдийгүй түүний сонгогдсон тойрог Сонгинохайрхан дүүрэгт чамгүй олон тендер авсан мэдээлэл бий. Үүнийг дараах мэдээллээс харж болно. Харин “Өгөөдэйн Ази” ХХК-ийг сонирхоод үзэхэд “Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл”-тэй. Гэвч 2018 оны гуравдугаар сарын сүүлчээс эхлэн Сонгинохайрхан дүүргийн худалдан авах ажиллагааны албаас 2018 оны аравдугаар сарын 15-ныг хүртэл нийт таван удаагийн тендер авчээ. Мөн Тус компани бас хэдхэн сарын өмнө СХД-ийн ЗДТГ-тай гэрээ байгуулж тус дүүргийн нэг болон 9-р хороог камержуулах төслийг 25 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байна. Эдгээрээс гадна энэ оны нэгдүгээр сард “Улаанчулуутын хүүхдүүд цэцэрлэгтэй боллоо” гарчигтай гэгээлэг мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч байв. Уг цэцэрлэг 75 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд “Нарны хүүхдүүд-2” хэмээн нэрлэдэг. Тус цэцэрлэгийг барихад зарцуулсан 1.2 тэрбум төгрөгийг гадны болон дотоодын хандивлагч байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэгээр бүрдүүлжээ. Харин барилгын ажлыг нөгөө л “Өгөөдэй Ази” компани гүйцэтгэж Х.Нямбаатар нээлтэд нь очиж тууз хайчилсан байна. Өөрөөр хэлбэл “Өгөөдэй Ази” компани Сонгинохайрхан дүүрэгт улсын төсвийн хөрөнгөөр ажил үйлчилгээ үзүүлэх 175 сая төгрөгийн өртөгтэй таван тендерийг 2018 оны гуравдугаар сараас аравдугаар сард авчээ.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2018 оны зургадугаар сарын 22-ны өдөр зарлагдсан “Сургууль, цэцэрлэг, дотуур байрны их засварын ажил”-ын тендерийг Өмнөговь, Баян-Овоо, Даланзадгад, Манлай, Номгон, Ханбогд суманд гүйцэтгэхээр авсан байна. Түүнчлэн тус компани 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Төрийн банкны захиалагчтай “УБ Ялалт ТТ” засварын ажлыг тус тус авсан байгаа юм. Тухайлбал, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2018 онд 1.1 тэрбум гаруй төгрөгийн тендер авсан байна.
Т.Төмөр "Ардчилал таймс"
Сэтгэгдэл (11)