Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг мягмар гаригийн орой 20.30 цагийн орчимд АТГ-аас саатуулан баривчилсан. Тэднийг Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гарган бусдад давуу байдал бий болгож улсад хохирол учруулсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр баривчлан саатуулж, хорих 461-р ангид суулгаад байгаа.
Прокурорын байгуулагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, саатуулах хугацаа 48 цаг байх ба энэ хугацаанд сэжигтнийг цагдан хорих саналаа шүүхэд ирүүлэх ёстой. Энэ дагуу С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих саналаа өчигдөр орой Чингэлтэй дүүргийн шүүхэд ирүүлсэн байна. Шүүх тэдний хүсэлтийг хангавал С.Баяр, Ч.Сайханбилэг өнөөдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай цагдан хорино.
Б.ЗАЯА