УИХ-ын намрын чуулганы хуралдаанаар сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг товлон зарлах болон санал авах өдрийг тогтоох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ.
Энэ талаарх ТББХ-ны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулав. УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг зарлуулах талаар Сонгуулийн ерөнхий хорооноос 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн тус Байнгын хорооноос уг тогтоолын төслийг боловсруулан хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн байна.
“УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” тогтоолын төсөлд Сонгуулийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэхээр товлон зарлах, нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр явуулахаар тусгав.
Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.0 хувь нь тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.
Үргэлжлүүлэн “УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ.
Уг тогтоолын төсөлд УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотойгоор улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 287 сая 614 мянга 335 төгрөгөөр батлах, энэ зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт даалгахаар тусгасан байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, О.Баасанхүү, Б.Пүрэвдорж нар Байнгын хорооны дарга болон Сонгуулийн ерөнхий хорооны даргаас асуулт асууж тодруулсан юм.
Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 90.0 хувийн саналаар “УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлалаа.