Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоогийн бүрэн эрхийн хугацаа дуусчээ. Иймд тус зөвлөлийн гурван гишүүнийг томилох шийдвэрийг УИХ-ын нэгдсэн чуулганаас /2019.02.01/ өчигдөр гаргалаа. Эдгээр гурван гишүүний хоёрыг төрийн албан хаагчдын төлөөлөл болон томилно.
Төрийн албаны зөвлөл орон тооны 5 гишүүнтэй байхаар заасан. Тэдгээрээс 2 гишүүнийг нь төрийн албан хаагчдын төлөөллөөс сонгон шалгаруулахаар хуульчилжээ. Хуулийн дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-ыг батлан, 7 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулж сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан юм.
Сонгон шалгаруулалтад нийт 15 төрийн албан хаагч бүртгүүлж, 8 нь сонгон шалгаруулалтад оролцсоноос Д.Зүмбэрэллхам /113.1 оноо/, Д.Баатарсайхан /89.78 оноо/ нар хамгийн өндөр оноо авсан тул Төрийн байгуулалтын байнгын хорооноос Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэн УИХ-аар хэлэлцүүлэв.
Харин Б.Идэрчулууныг Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр томилох саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргасан юм. Төрийн албаны зөвлөлд Ерөнхийлөгчийн Тамгын газраас томилсон Б.Цогоогийн бүрэн эрхийн хугацаа өндөрлөж байгаа тул ийнхүү шинэ гишүүний нэр дэвшүүлэн батлуулав гэж Төрийн албаны зөвлөлийн цахим хуудаст мэдээлжээ.