УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар ЗТХ-ийн сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. УИХ-ын чуулганыг УИХ-ын шинэ дарга Г.Занданшатар удирдан явуулж байна. Чуулганы хуралдаанд оролцсон 55 гишүүний 38 нь буюу 69.1 хувь нь Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдаас чөлөөлөхийг дэмжлээ.
Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд танилцуулсан бол Эдийн засгийн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.
Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сарын 5-нд сайдаар томилогдон ажлаа хүлээж авсан бол арванхоёрдугаар сарын 10-нд ЖДҮХС-гаас зээл авсан нь ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж, хариуцлага хүлээхээр сайн дураараа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн билээ.