Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг мягмар гаригийн орой АТГ-аас түр саатуулсан тухай эх сурвалжууд мэдээлсэн. Экс Ерөнхий сайд нарыг саатуулсан тухайгаа АТГ дөнгөж сая албан ёсоор зарлалаа. Тэд,
-Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан шалгаж байна. гэв
Өмнө нь “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг АТГ-аас сэжигтнээр татаж, дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 30 хоногийн хугацаатай баривчлаад байгаа. Энэ явдлын дараа Австралийн Хөрөнгийн биржид “Rio Tinto” групп, Торонтогийн Хөрөнгийн биржид “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны ханш хоёр орчим хувиар буурсан байдаг.
Харин одоо Оюутолгойн хөрөнгө оруулалтыг гэрээг батлуулсан Ерөнхий сайд С.Баяр, Дубайн гэрээг байгуулсан Ч.Сайханбилэг нар дахин баривчлагдсаны дараа хөрөнгө оруулагчид болон Монголын тал хэр их хохирол амсахыг таашгүй. Ингэхэд АТГ хэний шидсэн чулууг хөөж Оюутолгой, Дубайн гэрээг гэнэт ухаж төнхөх болсон нь ч бас анхаарал татна...
Б.ЗАЯА